Сакура цэцэглэх улирал эхэллээ

Жил бүр олон сая жуулчныг татдаг сакура цэцэглэх улирал Японд албан ёсоор эхэлжээ. Гэвч энэ жил байгалийн энэ үзэсгэлэнг нүдээр тольдох хүсэлтэй хүн бүр очих боломжгүй, цар тахлын улмаас хил хаалттай үед таарч байгаа юм.
ТАСС агентлагийн мэдээлснээр, энэ жил анхны сакура гуравдугаар сарын 11-ний өдөр Хирошима мужид цэцэглэжээ. Энэ нь олон жилийн дунджаас 12 өдрийн өмнө тохиосон гэж Японы цаг уурчид онцолсон байна. Сакура цэцэглэх улирал гуравдугаар сарын 29 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ сарын 22-ны өдөр оргил үе нь тохионо гэж Японы мэргэжилтнүүд мэдээлсэн байна.
Сакура бол Японы бэлгэдэл бөгөөд жил бүр энэ модыг цэцэглэх үеэр олон сая жуулчин байгалийн хосгүй үзэсгэлэнг үзэж сонирхохоор Японыг зорьдог юм. Энэ үеэр Японы дотоодын аялал жуулчлал ч идэвхждэг ч энэ онд цар тахлын улмаас олон мужид хөл хорио тогтоосон, улсын хил хаалттайн улмаас сакура "үзэгчидгүй" цэцэглэж байна.
Түүнчлэн Японы бусад үзэсгэлэнт газруудтай танилцах зорилготой жуулчид энэ улсыг хэзээ зорих нь тодорхойгүй байгаа юм. Японы Засгийн газар өнгөрсөн онд цар тахлын улмаас хойшлогдсон Олимпын наадам энэ жил зохион байгуулагдана гэж мэдэгдсэн ч үзэгчгүй зохион байгуулах эсвэл суудлыг 50 хувь дүүргэлттэйгээр зохион байгуулах эсэх нь ирэх сард л тодорхой болох аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ