ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Ж.Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнажээ

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар "Александр Невскийн одон"-оор шагнажээ. ОХУ-ын иргэд болон Монгол Улсын иргэнийг шагнах тухай зарлиг Оросын эрх зүйн мэдээллийн албан ёсны портал дээр нийтлэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ.
Энд дуулгахад, Гэгээн Александр Невскийн одонг Оросын хатан хаан I Екатерина 1725 онд гаргаж, цэргийн алба хаагчид болон энгийн иргэдийг энэ одонгоор шагнадаг байжээ. 1917 онд энэ одонг бусад хаант засгийн үеийн одонгийн хамтаар ашиглахаа больсон байна. Харин 1942 оны долдугаар сарын 29-ний өдрөөс Улаан Армийн командын бүрэлдэхүүнийг шагнах цэргийн одон болгож Александр Невскийн шинэ одонг гардуулах болсон аж.
Улмаар ЗХУ задран унасны дараа, 1992 оны гуравдугаар сарын хоёрны өдрийн тогтоолоор энэ шагналыг улсын шагналын тоонд оруулсан ч албан ёсны статусгүй байсан юм. Харин 2010 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар Александр Невскийн одонг дахин төрийн шагналын системд багтааж, энэ одонгийн статусыг албан ёсных болгожээ.
Александр Невскийн одонгоор төрийн албан тушаал хашиж буй ОХУ-ын иргэдийг Эх орныхоо өмнө гүйцэтгэсэн гавьяа, олон жилийн хөдөлмөр, ажлын өндөр амжилтынх нь төлөө шагнадаг бөгөөд энэ шагналыг авахын өмнө ОХУ-ын одонгоор шагнагдсан хүмүүст Александр Невскийн одонг гардуулдаг аж.
Мөн улс төр, нийгмийн зүтгэлтэн, гадаад улс орнуудын ажил хэргийн нийгэмлэгийн төлөөлөгчид ОХУ-тай харилцах олон талт хамтын ажиллагааг хөгжүүлсэн, нийгэм эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлсэн гадаадын иргэдийг ч Александр Невскийн одонгоор шагнадаг юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ