Хойд Солонгост гадаадын дипломатуудыг гадагш гарахыг хоригложээ

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод амьдардаг гадаадын дипломатуудыг гуравдугаар сарын 16-ны мягмар гарагт гадагш гарахыг хоригложээ. Энэ талаар Хойд Солонгос дахь Оросын Элчин сайдын яам Фейсбүүк хуудсандаа мэдээлсэн байна.
Оросын ЭСЯ-ны мэдээлснээр, зохих ноот бичгийг гуравдугаар сарын 15-ны өдөр хүлээн авчээ. Хориг бүхий л гадаад улс орнуудын элчин сайдын яамны ажилтнуудад хамаарч байгаа гэнэ. Энэ хориг өглөөний таван цагаас 22 цаг хүртэл үйлчлэх аж.
Дипломатуудыг гадагш гарахыг хориглосон нь тахлын эсрэг арга хэмжээ төдийгүй Хойд Солонгосыг чиглэж байгаа шороон шуурга, түүнээс үүдэх үр дагавартай холбоотой гэж Оросын ЭСЯ Фейсбүүк хуудсандаа бичсэн байна.
Өмнө нь, Монголоос гарсан хүчтэй шороон шуурга Хятадын нийслэл Бээжин хотноо хүрч, улмаар энэ хотод агаар их хэмжээгээр бохирдсоны дээр цаг уурчид аюулын улбар шар түвшинг зарлаж, олон нислэг хойшлогдож байлаа. Энэ шороон шуурга цаашлаад Хойд Солонгосыг чиглэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ