ХӨСҮТ-д 25 сая төгрөгийн үнэ бүхий витаминуудыг хандивлав

“Цахиур Төмөр” эм ханган нийлүүлэх компанийн зүгээс өнөөдөр /2021.03.16/ ХӨСҮТ-д 25 сая төгрөгийн үнэ бүхий витаминуудыг хандивлалаа. Хандивыг “Цахиур төмөр” компанийн Гүйцэтгэх Захирал С Тамир болон Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Г.Энхтуяа нар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагт гардуулан өгчээ.
Энэхүү хандивлаж буй витаминуудыг цар тахалтай нүүр тулан, халдвартай орчинд ажиллаж буй ХӨСҮТ –ийн эмч, сувилагч,асрагч, ариутгагч, жолооч тэдний ар гэр, үр хүүхдүүдийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг тус төвийн дэд захирал М.Тунсаг хэлж байв.
Тэрбээр “Манай эмнэлгийн эмч ажилчид маань ёстой л галын шугам дээр зогсон өвчинтэй халз тулалдаж байна. Яг энэхүү хүнд цаг үед бидэнд гараа сунган тусалж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд олон бий. Түүний нэг нь Цахиур төмөр компани болж байна. Ковидоор халдварласан иргэнийг эмчлэхийн тулд витамин С-г суурь болгон уулгаж, эмчилдэг. Тиймээс цар тахалтай тэмцэж буй бид нарт энэхүү витаминууд байлдагчийн галт сум мэт нэн шаардлагатай байсан юм аа. Үнэхээр цаг үеэ олсон тусламж байлаа” гэлээ.
Хандивлаж буй тал болох “Цахиур төмөр” компанийн Гүйцэтгэх захирал С.Тамир "Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мөн аюулт өвчнөөс хамгаалах буянт үйлсэд хувь нэмрээ оруулж, өөрийн компанийн импортолдог Их Британи улсын алдарт “Natures Aid” брендийн нийт 50 сая төгрөгийн үнэ бүхий 1000 мг-ийн С Витамин, 5000 мг-ийн D Витаминыг эрүүл мэндийн салбартаа хандивлалаа" гэв.
Тус компани нь Эрүүл мэндийн яаманд ковидын эмчилгээнд зориулан 25 сая төгрөгийн үнэ бүхий 1000 мг ийн Витамин С -500 флакон, 5000 мг Витамин Д -500 флаконыг хандивлажээ. Харин ХӨСҮТ–д тус эмнэлгийн асрагч, сувилагч, эмч, лаборант, ариутгагч, жолооч арын албаныханд зориулан 25 сая төгрөгийн үнэ бүхий 1000 мг ийн Витамин С -170 флакон, 5000 мг Витамин Д -770 флаконыг, Хүүхдийн дархлаа дэмжих Витамины сироп 100 флаконыг, нийт 50 сая төгрөгийн дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдээсээ хандивлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ