Багш хавьтал болсон учраас сургууль, цэцэрлэгийг хаалаа

"Бүрдэл майнинг" ХХК-ийн ажилтан коронавирусийн халдвартай болох нь шинжилгээгээр батлагджээ. Тэрбээр энэ сарын 05-нд PCR-ийн шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан учраас Төв аймгийн Заамар сумаар дайран Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах уурхайдаа очсон аж. Гэвч Улаанбаатарт байх ар гэрийнхэн нь өвдсөн, халуурсан шалтгаанаар хотод буцаж ирэн шинжилгээ өгөхөд түүний хариу эерэг гарчээ. Тэрбээр Төв аймгийн Заамар сумын Шижир Алт тосгоноос таксидаж явсан аж. Тиймээс таксины жолооч болон ойрын хавьталын долоон хүнийг тусгаарлаж, шинжилгээ авчээ. Тэдний шинжилгээ хариу эерэг гарсан байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ойрын хавьталын хүмүүсийг тусгаарлаж, энэ сарын 20-нд дахин шинжилгээ авна гэдгийг Заамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Баярсайхан хэллээ.
Халдвартай иргэнийг тээвэрлэсэн таксины жолоочийн эхнэр цэцэрлэгийн багш аж. Тиймээс давтан шинжилгээний хариу гартал буюу энэ сарын 22 хүртэл Заамар сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ