Япон: Талийгаачидтай ярих утасны бүхээг 10 жилийн түүхтэй
Японы Оцути сууринд 10 жилийн өмнө тун өвөрмөц утасны бүхээг бий болжээ. Энэ бүхээг утасны шугамд холбогдоогүй ч хүмүүс зорин ирсээр байдаг бөгөөд тэд таалал төгссөн ойр дотныхонтойгоо "ярих" гэж ирдэг гэнэ.
Токио хотоос 500 км зайд байх хачирхалтай бүхээгийг Ройтерс агентлагийн сэтгүүлчид сонирхон, энэ талаарх нийтлэл гаргажээ. Утасны бүхээг цэцэрлэг дунд байдаг гэнэ. Утасны аппарат шугамд холбогдоогүй ч хүмүүс энэ бүхээгийг зорьсоор байдгийн дээр ихэнх нь Японы түүхэн дэх хамгийн аймшигт газар хөдлөлтүүдийн нэг болох 2011 онд болсон гамшгийн үеэр амьд үлдсэн хүмүүс байдаг аж. Тухайн үед хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами үүсч, олон хот, тосгон сүйдэж, "Фукушим 1" атомын цахилгаан станц дээр сүйрэл гарсан юм. Энэ аймшигт байгалийн гамшгийн улмаас 15.8 мянган хүн амиа алдаж, 2.5 мянган хүн сураггүй болжээ. Чухамхүү ийн амиа алдсан хүмүүс рүү амьд үлдэгдсэд нь "залгаж ярихаар" утасны бүхээгийг зорьдог гэнэ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, утасны бүхээгийг цэцэрлэгийн эзэн болох 76 настай Итару Сасаки суурилуулжээ. Тэрбээр газар хөдлөлтөөс ч өмнө, хавдрын улмаас нас барсан ахтайгаа "ярих" гэж бүхээгийг суурилуулсан аж.
"Олон хүнд салах ёс хийх боломж олдоогүй байдаг. Дахиж ярихгүй гэдгээ мэдсэн бол эцсийн удаад үгээ хэлэх байсан хүмүүс олон бий" хэмээн Итару Сасаки өгүүлжээ.
Өдгөө Японы өнцөг булан бүрээс утасны бүхээгийг зорин олон зуун хүн ирдэг ч ихэнхдээ нутгийн иргэд байдаг гэнэ. Тэдний нэг болох 67 настай Казуёси Сасаки утасны бүхээг рүү байнга ирж, эхнэр Мивакотойгоо "ярьдаг" бөгөөд газар хөдлөлтийн дараа түүнийг хайхаа зогсоогоогүй гэдгээ утсаар "хэлдэг" аж.
"Бүх зүйл гэнэт л болчихсон. Одоо ч би тэр үеийг мартаж чаддаггүй. Би чамд өөрийгөө хаана байгаа талаар зурвас илгээсэн, гэсэн ч чи тэр зурвасыг уншсангүй. Бид уулзсандаа маш их баяртай байна, баярлалаа. Бид чадах бүхнээ хийнэ, удахгүй уулзъя!" хэмээн Сасаки "ярьжээ".
Итаругийн өгүүлснээр саяхан түүнд Их Британи, Польшоос хүмүүс хандсан бөгөөд тэд ч мөн цар тахлын үеэр алдсан дотны хүмүүстэйгээ "ярих"-ын тулд ийм утасны бүхээгтэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ