Группийн тэтгэвэр авагчдын нас залуужсаар байна

Коронавирус цар тахлын энэ үед эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг зайлшгүй шаардлагагүй тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж буй. Харин энэ зохицуулалт ямар тохиолдолд иргэдэд хүндрэл учруулж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн чадвар алдалтын төлбөр буюу бидний нэрлэдгээр группээ сунгуулахад асуудал үүсч эхэлжээ.
Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төөрөгдүүлээд байгаа “Цар тар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаагаа сунгуулахдаа эрүүл мэндийн байгууллагад очиж хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдах шаардлагатай эсэх” асуултад хариулт авахаар Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан юм.
Иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, бичилтээ хийлгэх ёстой
Баянгол дүүргийн III хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн групп хариуцсан эмч Д.Буянхишиг:
-Тухайн иргэн өөрийн биеэр харьяа дүүргийнхээ нарийн мэргэжлийн эмчид гурван сар тутамд үзүүлж, амбулаторийн картан дээрээ бичилт хийлгэсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл харьяа дүүрэг, өрхийнхөө нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, бичилт хийлгээд хариуцсан эмчид хяналтын картаа өгч, группээ сунгуулах боломжтой юм. Өмнө нь иргэн комиссын хуралд өөрийн биеэр оролцдог байсан бол цар тахлаас үүдэн эмч төлөөлдөг болсон.
Гэхдээ сүүлийн үед иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, амбулаторийн картан дээрээ бичилтээ хийлгэхгүйгээр ирж байна. Тэгээд “Эмнэлэгт очихгүй байхыг зөвлөсөн. Хууч, архаг өвчтэй учраас эрсдэлээ тооцоод эмнэлгээр үзүүлж чадаагүй” гэх шалтгааныг хэлдэг.
Хяналтын үзлэг, оношлогоогоор тухайн хүний биеийн байдал хүндэрсэн эсвэл сайжирсан эсэхийг тодорхойлж, группийг сунгах эсэхийг шийдвэрлэдэг. Учир нь тухайн хүний биеийн байдал сайжирсан тохиолдолд группээс хасдаг. Жишээлбэл, иргэн дунд чөмөг, шилбэний хугарлаар группд орсон бол эдгэрэхээр нь хасдаг.
Манай Баянгол дүүргийн хувьд цар тахлын энэ үед "вкк- втэк" хуралд иргэдийг өөрийн биеэр байлцуулах шаардлагагүйгээр асуудлыг нь шийдэж байна.
Группийн тэтгэвэрийг 110 мянган иргэн авдаг
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга Т.Лхагвадорж:
-Коронавирус цар талын энэ үед хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа буюу группээ хэрхэн сунгуулах вэ? Тухайн иргэн заавал өөрийн биеэр очих шаардлагатай юу?
-Нийгмийн даатгалын ерөнхий газар, эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос аймаг, орон нутгийн эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссуудад чиглэл өгсөн. 2020 оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг сунгуулж буй иргэдийг эмнэлэг хяналтын комисс, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс хурлаар оруулахгүйгээр цахим болон бичиг баримтад үндэслэн шийдвэрлэж байна. Харин группэд шинээр орж буй болон эргэлзээтэй, онош тодорхой бус, оношлогоо шинжилгээ дутуу тохиолдолд иргэнийг хуралд оролцуулж байгаа.
Сүүлийн үед иргэдийн дунд хяналтын үзлэг оношлогоонд орох шаардлагагүй гэсэн зөрүү ойлголт бий болж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоолгохдоо заавал хяналтын оношлогоо шинжилгээнд хамрагдсан байх ёстой.
-Манай улсад группийн тэтгэвэр авдаг хичнээн иргэн байдаг вэ?
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоох комиссын хурлаар орж шийдвэрлүүлсэн 16-аас дээш насны нийт 110 300 гаруй хүн байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг жилд дунджаар 9000 гаруй хүн цуцлуулдаг. Өнгөрсөн 2020 онд 9400 гаруй хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаагаа цуцлуулсан. Харин шинээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгосон 9500 хүн бий.
-Группийн тэтгэвэр авч байгаа хүмүүс ихэвчлэн ямар шалтгаантай байдаг вэ?
-Дотрын эмгэг, сэтгэц, мэдрэл, гэмтэл согог, нүдний өвчин гэсэн таван өвчлөл хөдөлмөрийн чадвар алдалтын зонхилох шалтгаан болдог. Энэ таван өвчин нь нийт өвчлөлийн 70 хувийг эзэлдэг.
Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд насны хувьд харьцангуй залуужиж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн 70-80 хувийг 20-50 насны иргэд эзэлдэг. Харин байршлаар харвал 61 хувь нь орон нутагт, үлдсэн хувь нь нийслэлд бүртгэлтэй. Хүйсийн хувьд 58 хувь нь эрэгтэй, 42 хувь нь эмэгтэй байна.
-Ямар тохиолдолд группийг хугацаагүй тогтоодог вэ?
-Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны хамтарсан тушаалаар иргэн даатгуулагч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад нөхөн сэргээгдэх боломжгүй өвчнүүдийг хугацаагүй зааж өгсөн. Одоогийн мөрдөж буй заалтад 30 гаруй хугацаагүй заалт байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ