Шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн нь нотлогдвол хариуцлага тооцно

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.17/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Хөвсгөл аймагт коронавирусийн халдвар батлагдсан уу? 

 

ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн: 

 

-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд зургаан сэжигтэй тохиолдол илэрсэн. Аймгийн онцгой комисс шуурхай ажиллаж 143 хүнийг ойрын хавьтлаар тусгаарласан. Эдгээр сэжигтэй тохиолдлуудын сорьцыг баталгаажуулахаар Орхон аймаг руу илгээсэн. 

 

ХӨСҮТ-ийн ажилтан хувийн шугамаар танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? Хэрэв үнэн бол тухайн ажилтанд ямар хариуцлага тооцох вэ?

 

-Энэ маш ноцтой мэдээлэл. Асуудлыг чухалчлан авч үзэж, судалж, шалгаж байгаа. Хэрэв энэ үйлдэл нь үнэн болох нь баримтаар нотлогдвол байгууллагынхаа дотоод журмынхаа дагуу арга хэмжээ авна. 

 

Коронавирусийн авсан ч шинж тэмдэг илрэхгүй бол бусдад халдаах эрсдэл бага гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

 

-Дэлхий дахинд энэ вирусийн талаар судалгаа шинжилгээ  хийж байна. Энэ вирус өргөнөөр тархаж байгаа шалтгаан нь ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүсээр дамжин халдвар тархаж байгаатай холбоотой. Хамгийн сүүлийн судалгаагаар нийт халдварын талаас илүү хувь нь шинж тэмдэг илрэхгүй хүмүүсээр дамжин тархаж байна гэжээ. Тиймээс шинж тэмдэг илрэхгүй байлаа гээд халдвар хамгааллын дэглэмээ сулруулах нь тархалтын эрсдэлийг нэмэгдүүлнэ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Юун дотоод журам бэ. Гэмт хэрэг хийсэн байхад
2021-03-17