Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унавал Монгол хохирно

Investment Monitor цахим хуудас өнгөрсөн оны уул уурхайн салбарын нөхцөл байдал, түүхий эдийн өсөлт болон уул уурхайгаас ихээхэн хамааралтай орнуудын талаарх нийтлэл гаргажээ. Энэ нийтлэлд уул уурхайгаас хэт хамааралтай орнуудын жагсаалтыг оруулсны дээр Монгол Улсыг "олборлолтын салбараас хэт хамааралтай, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай" хэмээн онцолсон байна. Нийтлэлийг товчлон хүргэе.
Коронавирусийн халдвараас үүдэлтэй асуудал уул уурхайн салбарыг тойроогүй ч цар тахлаас улбаатай асуудлуудыг шийдвэрлэхэд энэ салбар бусад салбараас илүү ашигтай нөхцөлд байгаа бололтой. Mine 2020: Resilient and Resourceful судалгаанаас харахад дэлхийн 40 том уул уурхайн компани COVID-19-өөс болж төдийлөн хохирол амсаагүй байна. 2019 онд санхүүгийн үзүүлэлтүүд нь сайн байсан нь өөрчлөгдөн буй эдийн засгийн нөхцөлд уян хатан байх боломжийг олгосон гэж investmentmonitor бичжээ.
Түүнчлэн олон бүс нутагт чухалд тооцогдож буй уул уурхайн салбар цар тахлын үед ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болсон байна. 2021 оны уул уурхайн салбарын дэлхийн зах зээлийн тухай илтгэлд ч мөн эерэг үзүүлэлтийн талаар онцолсныг investmentmonitor цахим хуудсан дахь нийтлэлд өгүүлжээ. Энэ тайланд, коронавирусийн халдварын үр дагаврыг үл харгалзан уул уурхайн дэлхийн зах зээл 2020 онд 1.642 сая их наяд доллараас дээш өссөн бол 2021 онд 1.846 их наяд доллар болон орлого нь нэмэгджээ. Өөрөөр хэлбэл жилийн өсөлт 12.4 хувьтай гарсан байна.
Түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөг тус болох уу?
Шинжээчдийн үзэж байгаагаар 21 дүгээр зууны тав дахь удаагийн "супер мөчлөг" одоо тохиож байгаа гэнэ.
2020 оны гуравдугаар сараас 2021 оны нэгдүгээр сарын хооронд төмрийн хүдрийн үнэ 85 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн хугацаанд тохиосон хамгийн өндөр үзүүлэлт аж. Түүнчлэн зэсийн үнэ ч мөн дээрх хугацанд 80 хувиар өссөн нь сүүлийн есөн жилд тохиосон хамгийн өндөр өсөлт бөгөөд үүний зэрэгцээ никель, алт, кобальтын үнэ ч өсчээ.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар, коронавирусийн цар тахлын дараа дэлхий ертөнц сэргэж эхэлж байгаа үед ашигт малтмалын олборлолт ч сайн сэргэх магадлалтай гэнэ. Гэхдээ өнгөрсөн жил зарим улсын засгийн газар, хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнд сургамж болсон гэж investmentmonitor-ийн нийтлэлд өгүүлсэн байна.
Ашигт малтмал олборлолт буурснаар ямар орнууд хохирол амсах вэ?
Investment Monitor-ийн уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлын индекс уул уурхайн салбараас хамаарч эдийн засаг унасан үед ямар улс орнууд илүүтэй хохирох талаар багтаажээ.
Investment Monitor-ийн онцолсноор, 2020 онд Монголын ДНБ-ий 23 хувь нь ашигт малтмалын олборлолт, экспортын нийт орлогын 70 хувь нь зэс, нүүрсэнд ноогдож байсан аж. Энэ нийтлэлд Монгол, Замби, Австрали улсууд ашигт малтмалын олборлолтын бууралтаас ихээхэн хамааралтай орнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна.
"Монголын уул уурхайн өсөлт 2010 онд Рио Тинто Өмнийн говьд байх уул уурхайн төсөл болох Оюу толгойд хөрөнгө оруулснаар эхэлсэн юм. Энэ нь Монголын Засгийн газартай урт хугацааны хэлэлцээр байгуулж, ингэснээр орлого өндөр хувиар өсөх нөхцлийг бүрдүүлсэн. 2011 онд Монголын эдийн засаг 17 хувиар өсч, харин зэс, нүүрс болон бусад ашигт малтмал 1.3 их наяд доллараар үнэлэгдэж байлаа. Азийн хөгжлийн банкны мэдээллээр, 2011-2015 оны хооронд Монголын ДНБ дунджаар жилд 10.3 хувьтай байсан нь тухайн үед дэлхийн хамгийн хурдацтай өсөлттэй эдийн засгуудын нэгд тооцогдож байв. Гэвч энэ өсөлт 2016 онд үгүй болж, 1.2 хувь болтлоо буурсан юм. Тэр үеэс хойш Монголын эдийн засаг хэвэндээ орсон ч дээрх уналт нь түүхий эдийн үнийн уналтаас үүдэлтэй бөгөөд энэ нь Монгол Улс энэ салбараас хэр их хамааралтайг харуулна" хэмээн Investment Monitor-ийн нийтлэлд бичсэн байна.
Цаашлаад, 2020 онд Монголын ДНБ-ий 23 хувь нь ашигт малтмалын олборлолт, экспортын нийт орлогын 70 хувь нь зэс нүүрсний орлогод ноогдож байсан ч эдгээр зах зээл нь энэ бүтээгдэхүүнийг худалдаж авдаг хөрш Хятад улсаас ихээхэн хамааралтай гэжээ.
Уул уурхайн салбараас хэт хамааралтай улс орнуудын жагсаалтад эхний 10 байрт бичигдсэн ихэнх орнуудын тухайд эдийн засгаа солонгоруулах нэн шаардлагатай хоёр хүчин зүйл бий.
Нэгдүгээрт, уул уурхайн салбарын түүхий эдийн үнийн хэлбэлзэл хэт хүчтэй нөлөөлж, энэ нь тухайн улс орны эдийн засагт бүхэлд нь нөлөөлдөг.
Хоёрдугаарт, олборлох салбараас хараат бус байж эдийн засгаа төрөлжүүлэх чадваргүй байгаа байдал. Энэ нь хөгжиж буй, байгалийн нөөцөөр баялаг орнуудад эртнээс нүүрлэсэн асуудал юм. Үнийн өсөлтийн супер мөчлөг гарч ирэх нь Investment Monitor-ийн рейтингэд дээгүүр байранд орсон орнуудын хувьд ашигтай хэдий ч нөгөө талаас тэдгээр орнууд эдийн засгаа төрөлжүүлэх дорвитой алхам хийхгүй бол 2014-2015 онд тохиож байсантай адилаар үнийн уналт гарвал энэ нь эдийн засагт нь их сөрөг нөлөө үзүүлэх юм" гэж Investment Monitor онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ