Хороон Засаг даргын төлөөх хоригтой цуглаан


Монгол Улсын түүхэнд анх удаа хорооны Засаг даргаа албан тушаалд нь авч үлдэхээр иргэд сэтгэлээрээ нэгдэн жагслаа. Жагсах жагсахдаа халдварын эрсдэлтэй бүс гэж үзэн хөл хорио тогтоосон үеэр “амь” хайрлахгүй тэмцэж байна.
Тэдний хэлж байгаагаар нэг хорооны Засаг даргыг “унагах”-ын тулд дүүргийн Онцгой комиссынхон шөнө дөлөөр хуралдан хуйвалдаж 31 мянган иргэний хөлийг хорих шийдвэр гаргасан. Энэ хооронд иргэдийн 100 хувийн саналаар сонгогдсон Засаг дарга Г.Отгонбаатарыг халж гэнэ.
Шалтгаан нь Баянзүрх дүүргийн бусад бүх хорооны Засаг дарга МАН-ынх бол ганцхан 26 дугаар хорооны Засаг дарга Гангаагийн Отгонбаатар л Ардчилсан намынх юм байх. Тиймээс түүнийг ажлаас нь чөлөөлөх гэж удаа дараа дарамт шахалт үзүүлсэн. Ингээд ч чадаагүй учир иргэдийнх нь хөлийг хорьж байгаад Засаг даргыг нь халсан гэж жагсаалд оролцогчид хэлж байна.

Харин экс дарга Г.Отгонбаатар "Миний бие өчигдөр ажлаа хүлээлгэж өглөө. Дүүргийн Онцгой комисс дээр өчигдөр шөнө шийдвэр гарсан. Цаашид ажиллахад амаргүй болсон учраас ажлаа өгсөн” хэмээн ярьж сууна.
Гэнэтийн хөл хорио тогтоосноос гадна, Засаг даргыг нь шөнө дөлөөр сольсныг эсэргүүцэж одоогоор 100 гаруй хүн гарын үсгээ цуглуулжээ. Хорооны оршин суугчид коронавирусийн халдвартай нэг ч хүн байхгүй. Энэ бол улстөрийн шоу гэж үзэж буйгаа илэрхийлэн уриа лоозон барьсан байна.
Өмнө нь сайдаа авч үлдэх, намаа дэмжих, бензин шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэх гээд олон л жагсаал, цуглаан болж байсан. Харин хороон даргынхаа төлөөх анхны Монгол жагсаал энэ байлаа.

Амьд явахад юм юм үзэх нь ээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ