Еврокомисс вакцины цахим гэрчилгээний төслийг танилцуулав

img


Еврокомисс коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан талаарх цахим гэрчилгээний төслийг танилцуулжээ. Энэ гэрчилгээг зургадугаар сарын дунд үе гэхэд Европын холбооны гишүүн орнууд нэвтрүүлэх ёстой гэж Еврокомисс мэдэгдсэнийг DW дамжууллаа.

 

Тарилга хийлгүүлсэн, COVID-19 тусаад эдгэрсэн эсвэл коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан талаарх мэдээллийг агуулах энэхүү гэрчилгээ нь Европын холбоо дотроо иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх гэнэ.

 

Түүнчлэн ЕХ-ны бүрэлдэхүүнд багтаагүй улс орнууд олгосон вакцинжуулалтын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх боломжийн талаар Еврокомисс авч хэлэлцэж байгаа аж. Харин ЕХ-ны гишүүн орнууд "энэхүү баримт бичгийг ЕХ-д зөвшөөрөгдсөн болон бусад вакцин тариулсан аялагчдад олгох эрхтэй" юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гэрчилгээг үнэ төлбөргүй олгох бөгөөд гэрчилгээн дээрх мэдээлэл олгож буй орны албан ёсны хэл болон англи хэл дээр байх аж.  Гэрчилгээнд штрих код зайлшгүй байхын дээр цахим хэлбэрээр болон хэвлэмэл байдлаар гаргах боломжтой байхаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ