Б.Мөнхбат: Он жавууд минь холбоо бариарай, цаг сайхан болохоор уулзъя

“Монгол цэргийн өдөр” орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эрчүүдийг гүдс, шулуун, гүндүүгүй хээгүй, бүдүүн хатуу гэх тодотгол үргэлж дагана. Тэгсэн ч тэд энэ л өдөр гурван жил цэргийн алба хаасан даруухан алдраараа, ерөөс цэргийн албанд өнгөрүүлсэн он жил, он жавуудаараа онгирох дэврэх дуртай хүүхэд мэт хөөр ихтэй хүмүүс. “Он жавууд минь хаана явдаг бол” гэж үе үехэн санааширч суух аавыгаа харахаар тэдэнтэй нь олж уулзуулах сан гэх хүсэл зурсхийнэ. Аавын адил өөр олон хүн энэ өдөр он жавуудаа нэхэн санасан шиг хотын гудамжаар алхаж яваа даа...
Б.Мөнхбат: Хал цэргүүд маань “Гүйгээд ир, хацар аа” гээд л үнсдэг байлаа
/Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, Нийслэлийн хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч/

-Би 1984 оноос Холбооны 228 дугаар ангийн хөгжмийн салаанд гурван жил цэргийн алба хаасан. Тухайн үед цэргийн албыг гурван жил хаадаг байсан юм. Цэргийн алба хааж эхэлсэн эхний жилийг шинэ цэрэг, хоёр дахь жилийг асман, гурав дахь жилийг хал зэрэг гэдэг байлаа./инээв/.
Тухайн үед мөн ч сайхан байж. Дээр үед хүмүүс “цэрэгт хүүгээ явуулах юмсан” гэдэг байлаа. Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн алба хааж, хүмүүжиж, төлөвшөөд ирдэг учраас тэр. Гурван жил цэргийн алба хаахаар гэрээ жаахан санана. Намайг шинэ цэрэг байхад хал цэргүүд их үнсдэг байлаа. Төрсөн дүү шигээ “Гүйгээд ир, хацар аа” гэж байгаад л үнсэнэ. /инээв/
Манай хүү дөрвөн жилийн өмнө цэргийн алба хаагаад ирсэн. Монголын зэвсэгт хүчин хүнийг хүн болгодог. Цаг үе өөрчлөгдөж, өнөө үед цэргийн албыг нэг жил хаадаг болж. Үүнд жаахан сэтгэл дундуур байдаг.
-Он жавуудтайгаа холбоотой байдаг уу?
-Он жавуудтайгаа 1987 оноос хойш холбогдоогүй. Одоогоос арван жилийн өмнө Нарантуул зах дээр А.Батсүхтэйгээ таарсан. Хөгжмийн салаанд хамт алба хаасан н.Очирхуяг, н.Ганболд, А.Батсүх, н.Болд нарын он жавууддаа Монгол цэргийн баярын мэнд хүргэе. Энэ дашрамд он жавууддаа “Хэрэв миний ярилцлагыг уншиж байгаа бол найз нь нийслэлийн хот тохижилтын газар ажиллаж байгаа шүү. Холбоо бариарай, нэг сайхан өдөр уулзъя” гэж хэлмээр байна.
Г.Отгонбаатар: Өмнөговь аймагт гурван жилийн цэргийн алба хаасан
/Увс аймгийн Өмнөговь сумын харъяат иргэн/

-Би Өмнөговь аймгийн 0166 дугаар цэргийн ангид 1984-1987 оны хооронд гурван жилийн хугацаанд алба хааж байлаа. Одоо он жавуудтайгаа утсаар л холбогдож байгаа. Нийт Монголын цэрэг эрс, хамт алба хаасан он жавууддаа Монголын цэргийн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.
Д.Чулуунбаатар: Моринд эрэмгий залуучуудыг хилийн цэрэгт алба хаалгадаг байлаа
/Дорнод аймгийн уугуул, ахмад/

-Би 1967 онд гурван жил хугацаат цэргийн алба хаасан. Ингээд улирч хилийн 0132, 198, 184 дугаар цэргийн ангиудад 32 жил алба хааж байгаад 1992 онд тэтгэвэрт гарсан. Бидний үед моринд эрэмгий залуучуудыг хилийн цэргийн ангид алба хаалгадаг байлаа. Ховд, Баян-Өлгий зэрэг олон аймгийн хөвгүүд ирж алба хаадаг. Тухайн үед эмнэг, догшин морьдоо сургаж унаад л хилийн баганаа шалгана. Хилийн тор, зураас ч байсангүй. Хилийн цэргийн ангид алба хаадаг залуучууд хилээ хамгаалахын зэрэгцээ хадлангаа хадна, аргал түлшээ бэлдэнэ, ногоо тарина гээд л аж ахуйн ажлаа бүгдийг нь өөрсдөө хийнэ шүү дээ./инээв/
Манай хүүхэд бас хилийн цэрэгт алба хаасан. Миний бодлоор цэргийн алба хааж хүн болдог. Одоогийн нэг жилийн цэргийн алба залуучуудад л болж байна уу гэхээс бидэнд цэргийн алба хааж байна гэж бодогдохгүй байна. Одоо ч цэргүүд хоорондоо муудалцаж, нэгнийгээ их шоглодог болж. Хийх ажил олдохгүй болохоор л тэгдэг байлгүй гэж боддог шүү.
-Та он жавуудтайгаа холбоотой байдаг уу? Мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Холбоогүй байна. Архангай аймгийн Их-Тамир суманд ахлах түрүүч С.Дашчарав гэж он жав маань байх ёстой. Хүмүүсээс чих тавьж сураглаад л байгаа. Сураг нь сонсогдохгүй л байна. Саяхан нэг хүнээс асуутал “нэг өвгөн бий” гэсэн. Утсыг нь олж чадаагүй. Ингээд цэргийн алба хаасан нийт залууддаа цэргийн баярын мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
Ц.Төмөр: Цэргийн алба бол тэвчээрийн их сургууль
/Завхан аймгийн уугуул, офицер/

-Би Хил хамгаалах ерөнхий газар, хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны хилийн ба дотоодын цэрэгт 1970 онд цэргийн алба хаахаар очсон. Тэр цагаас эхлэн “Эх орны манаа” сонинд ажиллаж байгаад дэвшиж офицер цолтой болж, алба хааж байгаад тэтгэвэрт гарсан ахмад дайчин.
Сүүлийн үед цэргүүд оны ялгаа гаргаж, нэгнийгээ дээрэлхэж байгаа нь хувь хүний ухамсартай холбоотой асуудал. Хүн хүнээ хүндэлж, хайрлах хэрэгтэй. Миний үед цэргүүд нэгнийгээ дэглэх асуудал гаргадаггүй байлаа. Цэргийн алба бол тэвчээрийн их сургууль.
-Та он жавуудтайгаа холбоотой байдаг уу? Мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Уучлаарай, оны цэргүүдээсээ олон хүний нэрийг мартаж. Санаж байгаагаар Дорнод аймагт н.Бушаа, Эрдэнэтэд н.Буянзаяа, Төв аймагт н.Батмөнх, Төв аймгийн Баянжаргалан суманд н.Батсүх, Говь-Алтайд н.Шагдардорж, Салаан захирагч н.Батжаргал зэрэг он жавууддаа орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой баярын мэнд хүргэе. Цар тахлын энэ үед та бүхэн минь эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Б.Бат-Эрдэнэ: Цаг сайхан болж, хөл хориогүй болсон үед он жавуудтайгаа уулзана
/Дорнод аймгийн уугуул иргэн/

-2018 оны нэгдүгээр ээлжээр Сүхбаатар аймгийн 338 ангид цэргийн алба хаасан. Он жавуудтайгаа холбоотой байдаг. Дорнод, Өвөрхангай, Архангай зэрэг аймгийн олон аавын хөвгүүдтэй хамт цэргийн алба хаасан. Он жавууддаа Монгол цэргийн баярын мэнд хүргэе. Цаг сайхан болж, хөл хориогүй болсон үед уулзацгаая.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ