COVID-19: Оросын залуус засагтаа ч, вакциндаа ч итгэхгүй байна

Орос улс дэлхийд хамгийн анхны коронавирусийн вакциныг гаргаж авсан орон. Одоо тус улсад вакцины хүртээмж сайн байгаа ч вакцинжуулалт харьцангуй удаашралтай явж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм. ОХУ-д вакцинжуулалт ийнхүү удааширч байгаагийн шалтгааныг шинжээчид олон улсын хэвлэлүүдээр дараах байдлаар тайлбарлажээ.
Оросын бүс нутгуудад Европын ихэнх орнуудаас ч илүү вакцин хүртээмжтэй байгаа гэнэ. ОХУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр нийслэл Москва хотод нь гэхэд л Улаан талбай дээр байх Улсын их дэлгүүр дотор нь вакцины төв ажиллаж байгаа аж. Гэсэн ч ОХУ-д зөвхөн албаны мэдээллээр коронавирусийн улмаас 200 мянга гаруй хүн нас барчихаад байхад оросууд вирусийн эсрэг тарилга хийлгэхээр төдийлөн яарахгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Нийт хүн амд нь эзлэх тарилга тариулсан хүмүүсийг хувиар нь тооцвол Орос улс дэлхийд вакцинжуулалтаараа эхний 10-д ч багтахгүй байгаа. Үүнд вакцин эсэргүүцэгчид ч тэр вакцинжуулалтын бүтэлгүй сурталчилгаа ч буруутай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ.
Саяхан "Левада-центр" судалгааны төвөөс явуулсан санал асуулгаар оросуудын 62 хувь нь дотоодын "Спутник V" вакцинаар тариулахад бэлэн биш байна гэж хариулжээ. Үл итгэх хандлагатай хүмүүсийн ихэнх нь 18-24 насныхан байсан бөгөөд тэдний 75 хувь нь Оросын вакцинаар тариулахгүй гэж хариулжээ. Мөн Оросын олон нийтийн сүлжээгээр Оросын төдийгүй гадаадын вакцинд ч итгэхгүй байгаа хандлага бэлхэн ажиглагдана.
Олон нийтийн сүлжээн дэх вакцины тухай хуурамч мэдээлэл
Оросын олон нийтийн сүлжээ болох "ВКонтакте" мөн TikTok, WhatsApp болон бусад олон нийтийн сүлжээ, мессенжерүүдээр коронавирусийн үүслийн талаарх үгсэн хуйвалдааны онол бүхий постууд, вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл хаа сайгүй цуварч байгаа. Орост энэ төрлийн хуурамч мэдээллийг зарим олон уншигчтай цахим хуудсууд ч ихээр нийтлэж байгаа юм.
TikTok дээр "вакцинжуулалт" гэсэн хайлтаар хамгийн их гарч ирдэг дүрс бичлэг нь арьсанд хүрмэгц тарилгын зүү дотогш орох тоглоомон тариураар тарьж буй бичлэг. "Ийм тариураар өндөр албан тушаалтнуудыг тарьдаг" гэж дүрс бичлэг дээр өгүүлэх аж. Энэ бичлэгийг манай улсын хэрэглэгчид ч ихээр түгээж байгаа юм. Дашрамд дуулгахад, хоосон тариураар тарьж байгаа гэж шуугих энэ бичлэгийг олон улсын нэр хүнд бүхий агентлагууд шалгаж, худал мэдээлэл болохыг тогтоосон. Бичлэг дээр тарилгын шингэн харагдахгүй, тариур хоосон мэт байгаа нь вакцины тун маш бага байдагтай холбоотой гэнэ. Вакцины тун ердөө 0.5 мл учраас түүнийг камерын бичлэгээс анзаарахад хүндрэлтэй аж.
Олон нийтийн сүлжээний компаниуд "анагаах ухааны хуурамч мэдээллүүдтэй тэмцэнэ", вакцинжуулалтын эсрэг сурталчилгааг байршуулахгүй хэмээн удаа дараа мэдэгдсэн ч мэдээллийн урсгалыг төдийлөн хянаж чадахгүй байгаа юм.
Эрх баригчдад үл итгэснээс үүдэлтэй вакцинд үл итгэх хандлага
Дотоодын вакциндаа тааламжгүй хандаж байгаа нь эрх баригчдад үл итгэж байгаатай холбоотой байж мэднэ гэж улс төр судлаач Алексей Петровичев DW агентлагт ярьжээ. "Спутник V" вакцинд сайнгүй хандаж байгаа хүмүүс нь залуучууд гэдгээс харахад түүний энэ хувилбар үнэнд нийцэхээр.
"Левада-центр" судалгааны төв 18-24 насныхны дунд явуулсан санал асуулгаар тэдний ихэнх нь буюу 48 хувь нь Орос улс буруу замаар явж байна гэж үзсэн бол 46 хувь нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэмждэггүй гэж хариулжээ.
"Вакцин холбооны төвтэй шууд холбогддог. Навальныйн эрэн сурвалжлах нэвтрүүлгийг үзсэн хүмүүс вакцины ард ч ийм луйвар байгаа гэж бодно" хэмээн Петровичев өгүүлээд "ийм үед эмч нар вакцинжуулалт чухлыг яаж ч онцолсон хүмүүсийг ятгаж чадхгүй" хэмээн онцолжээ.
Түүнчлэн улсын Ерөнхийлөгч нь ч тэр, бүс нутгийн захирагчид нь ч тэр аль аль нь вакцин хийлгэх гэж яарахгүй байгаа нь иргэдэд эргэлзээ төрүүлж байгааг шинжээч онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ