Ц.Саранцэцэг: Бид ажилтнаа халаагүй, харин нэмж авсан

img

Ковид-19 халдвар дэлхий нийтийн өмнө тулгарсан хүнд сорилт байлаа. Энэ сорилт хүний амь нас, эрүүл мэндээс эхлээд нийгмийн бүхий л салбарын том шалгуур болов. Энэ он жилүүдэд үйлдвэрлэл үйлчилгээний салбарт шинээр нээгдсэнээс илүү хаагдсан нь олон.

 

Үүсэн байгуулагдаад таван жил болж буй MS үйлдвэр өдгөө 10 гаруй хүнийг цалинжуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна. Цар тахлын үед үйлдвэрээ зогсоогоогүй, ажилчдаа халах бус харин ч нэмж хүн авсан нь тус үйлдвэрийн улсынхаа нийгэм, эдийн засагт оруулж буй том хувь нэмэр юм. Савхин хувцасны MS брэндийг үүсгэн байгуулагч Ц.Саранцэцэгтэй ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

 

-Үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байна. Хичнээн ажилтантай вэ?

 

2017 оноос компаниа байгуулаад MS брэндийг хөгжүүлж эхэлсэн. Анх хоёр оёдолчинтой өөрөө эсгээд  ажлаа эхэлж байлаа. Би 17 насандаа Савхин эдлэлийн үйлдвэрт ажилд орж, одоо салбартаа 30 гаруй жил ажиллаж байна, манай ихэнх ажилчид уугуул Савхиныхан.

 

Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гээд одоохондоо зөвхөн савхин хувцас оёдог. Одоогоор 200 гаруй загвараар хувцас үйлдвэрлэж байна. Хэрэглэгчид маань импортын хувцасны загвараар оёулах гээд загвараа мөн зургаа бариад ирдэг. Захиалгын загваруудаас гадна манай дизайнер сардаа 2-3 сүүлийн үеийн шинэ загвар гаргаж, үйлдвэрлэлд оруулдаг. Загварын хувьд хангалттай сонголттой болсон.

 

-Танайх бүтээгдэхүүнээ экспортолдог уу?

 

-Одоогоор экспортлоогүй байна. Ковид-19 халдвараас өмнө их том зорилгуудтай байсан. Орос руу томоохон захиалгууд яригдаж байлаа. Мөн Өвөрмонголын дэлгүүрүүд бүтээгдэхүүнийг маань борлуулах санал тавьсан. Аман тохиролцоо хийгээд гэрээ байгуулах түвшинд хүрч байтал корона дэгдээд энэ ажил зогсолтод орсон. Нэлээн олон том ажил төлөвлөсөн байсан ч төлөвлөгөөндөө хүрээгүй. Гадны захиалга бүтсэн бол үйлдвэрээ өргөтгөж, тоног төхөөрөмж авахаар төлөвлөж байлаа.

 

-Гэхдээ үйл ажиллагаа зогсоогүй, ажилчдаа цомхотгох хэмжээнд хүрээгүй гэж сонссон?

 

-Манайх цөөхөн хүнтэй жижиг компани болохоор хүнээ цомхотгох хэмжээнд хүртэл зогсолт уналтад ороогүй. Дотоодын хэрэглэгчдийн захиалга бол тасраагүй, энэ жил уул уурхайнхан хамт олноороо захиалж үндэсний үйлдвэрээ дэмждэг болсон нь бас их дэмжлэг болж байгаа. Манайх  халах биш харин нэмж авсан.

 

 

-Аан за, хичнээн хүн нэмж ажилд авав?

 

- Захиалга ихсэж, бүрэн хүчин чадлаараа ажиллах шаардлага тулгарсан учраас оёдол дээрээ хүн нэмж авсан. Шинэ жилийн өмнө хоёр хүн, цагаан сарын дараа дахиад хоёр хүн авсан.

 

 

-Та захиалга нэмэгдсэн тухай ярилаа. Сард хичнээн захиалга авдаг вэ?

 

-Савхин хувцасны улирал эхлэхээр ачаалал ихэсдэг. Үйлдвэрлэлийн 50-80 хувь нь захиалга байдаг. Манайх хөдөө орон нутгийн борлуулагч нартай хамтран ажилладаг. Тэд маань бас хувцсаа нэхээд, сүүлийн үед захиалгадаа дарагдаад байна.

 

-Аль аймгуудад дэлгүүртэй вэ? Улаанбаатарт салбар дэлгүүр бий юу?

 

-Эрдэнэт хот, Увс аймагт борлуулагчтай. Улаанбаатарт бол үйлдвэрийнхээ дэргэд нэрийн дэлгүүртэй. Хүмүүс цаг гаргаад үйлдвэр, дэлгүүрт маань ирдэг. Өмнө нь Цогтцэций, Замын-Үүд, Эрдэнэт Алтанбулагт дэлгүүр ажиллуулдаг байсан. Савхин хувцас өдөр тутам зарагддаггүй, эрэлт багатай бүтээгдэхүүн болохоор ийм цаг үед өөрсдөө дэлгүүр ажиллуулах шаардлагагүй юм билээ. Хүний эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал хэрэглэгч түгжрэл саадыг даваад, ажлаа зохицуулаад хүрээд ирнэ. Манай ихэнх хэрэглэгчид бие биенээсээ сонссон, манай тэр энэ савхин хүрэм хийлгэсэн гэж ирдэг. Ингэж хэрэглэгчид маань буцаж ирж байгаа нь манай хамт олон бүтээгдэхүүний чанар, загвартаа гойд анхаардгийн илэрхийлэл гэж боддог. Хүнд хүрч, хүний хэрэгцээ шаардлагыг хангаж, сэтгэл ханамж өгч чадаж байвал манайхан тэрнээсээ урам авдаг даа.  

 

-Тэгэхээр корона танай үйл ажиллагаанд бараг нөлөөлөөгүй гэсэн үг үү? Хоёр жилийн хугацаанд нөхцөл байдал хүнд байсан ч танайх үйлдвэр зогсоогүй, захиалга буураагүй юм байна.

 

-Мэдээж нөлөөлсөн. Төлөвлөгөө орлого тасрахаас эхлээд асуудал олон бий. Хөл хорио тогтосоон 11 дүгээр сард бас сар шинийн дараа хоёр долоо хоног үйл ажиллагаагаа зогсоосон. Бусад үед халдвар хамгааллын дэглэмээ бариад тогтмол ажилласан. Зун 6-7 дугаар сард захиалга зогсдог. Тэр үед төрийн худалдан авалтад оролцоод, захиалга авч, гүйцэтгэдэг. Ер нь ажилчдаа сул зогсоохгүйг хичээдэг.

 

-Цар тахлын үеийн төрийн зохицуулалтууд үр ашиг үзүүлэв үү?

 

- Азаар манайх коронагийн өмнөхөн ажлын байрны төлөлтөө дуусгаад өөрийн ажлын байртай болсон.Төрийн зохицуулалт том дэмжлэг болж байгаа. Хэрэглээний төлбөрөөс гадна нийгмийн даатгалын хөнгөлөлт ажилчид болоод ажил олгогидод мэдэгдэхүйц дэмжлэг болсон.

 

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ? Тасалдал үүсээгүй юу?

 

-Түүхий эд, материал тасалдаагүй. Манайх түүхий эдээ байнга авдаг, гэрээт нийлүүлэгчидтэй. Бид “Булгиар”, “Буурал гол” компаниас хонь, ямаа, үхрийн арьсаа авдаг. Мөн импортоор оруулж ирдэг компаниас Итали арьс болон өөрсдөө Турк улсаас арьс нийлүүлдэг.

 

-Хил хааж, хорио цээр тогтоосноос таны томоохон төлөвлөгөөнүүд тасарчээ. Одооноос вакцинжуулалт хийгдэж, хэвийн амьдрал руу орох бололтой. Ямар зорилго, төлөвлөгөөтэй ажиллах гэж байна вэ?

 

-Тэгсэн, ганц манай улс биш дэлхий нийтээрээ зогсолтод орлоо шүү дээ. Бүх зүйл хэвийн болохоор хоёр хөршийн үйлдвэрлэгч, борлуулагч нартай хийсэн аман гэрээгээ албажуулж, хэрэгжүүлнэ. Хил нээгдчих л юм бол ажил хэрэг болоод явна. Энэ гэрээнүүд манай оёдлын үйлдвэр байтугай Монголын нийт савхин хувцасны үйлдвэрлэлд ахиц авчрах том ажил байгаа.

 

-Танай салбарынханд, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудад цар тахал хэр нөлөөлсөн бол?

 

-Гайгүй болов уу. Төрийн худалдан авалтын ажил гүйцэтгэдэг үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа. Савхин оёдлын үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоож, хүнээ цомхотгосон гэж сонсоогүй.

 

-Ажил олгогчдын зовлон бол мэргэжилтэн, тогтвор суурьшилтай ажилтантай холбоотой байх. Савхин оёдлын салбар ажилтан авахад ямар асуудал тулгардаг вэ?

 

-Ямар ч хүнийг ажилд аваад, сургаж ажиллуулж болдог. Хамгийн гол нь тухайн хүн сурч мэдэх эрмэлзлэлтэй, тууштай ажиллах зорилготой л байхад болно. Бид оёдолчин, гар ажиллагаа, эсгүүрчнээр сургаад ажиллуулах боломжтой. Саяхан манайх гар ажиллагаачин авахаар зар тавьсан. Хүмүүс утасдаад, хамгийн түрүүнд хэдэн төгрөгийн цалин авахаа асуудаг. Юу хийхээ огт асуудаггүй. Утсаар асуудаг нь олон ч ирж уулздаг нь цөөхөн. Гэхдээ бид сая олон жил үйлдвэрт ажилласан туршлагатай хүн авсан. Үйлдвэрийн номер нэг асуудал бол дадлага туршалагатай, тогтвор суурьшилтай ажиллах хүчин. Тиймээс ч би ажилчдынхаа цалинд онцгой анхаардаг. Манайхан үндсэн цалингаас гадна 5-6 төрлийн урамшуулал авдаг. Оёсон бүтээгдэхүүний чанар сайн байхын хэрээр тухайн хүний цалин үнэлгээ дээшилдэг, өөр бас урамшууллууд нэмэгдээд явчихдаг.

 

-Төрөөс гаргаж байгаа жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл хөтөлбөрт хамрагддаг уу. Хамгийн сүүлд гурван хувийн хүүтэй зээл гарлаа. Та сонирхов уу?

 

-Зээлийн тухай мессеж утсанд ирээд л байгаа. Анх хоёр хүнтэй эхэлж байсан цехээ би өөрийнх нь орлогоор өсгөж хөгжүүлэх зорилготой ажилладаг. Өнгөрсөн хугацаанд олсон болгоноо буцаагаад үйлдвэрлэлдээ оруулж боломжийн хурдацтай хөгжиж байгаа гэж бодож байгаа. Олон мянган хувцасны захиалга авсан ч юмуу ер нь онцгой тохиолдолд  хүүтэй мөнгө авч хэрэглэлгүй яах вэ, хэрэгтэй хүндээ энэ зээл маш том боломж, дэмжлэг гэж бодож байна.

 

Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мундаг байна амжилт хүсэе!
2021-03-22