Эрдэмтэд: Ангарагт суурьшигчдын оюуны чадамж буурах эрсдэлтэй

img

Илон Маск Ангараг гарагийг эзэмших томоохон төсөл хүн төрөлхтний өмнө танилцуулсан. Ойрын таван жилд Улаан нүдэн гараг руу эхний экспедицийг явуулахаар зэхэж, 2050 он гэхэд нэг сая суурьшигчийг илгээнэ хэмээн төлөвлөж байгаа юм. Эхний ээлжийн суурьшигчид шилэн хоргон дор амьдрах бөгөөд энэ зуур эрдэмтэд алсдаа дэлхий шиг амьдрахад таатай нөхцлийг Ангараг дээр бий болгох аргыг гарган авахаар ажиллах юм байна. .

 

Энэ санааг хэрэгжүүлэх замд техникийн саад бэрхшээл улам бүр л бага болж байгаа юм. Харин хүний эрүүл мэндийн хувьд найдвартай байдал амлахад төдийлөн хүнд гэж эрдэмтэд мэдэгджээ.

 

Ройтерс агентлагт эрдэмтдийн өгүүлснээр, сансар бол хүний хувьд тун "дайсагнасан" орчин гэнэ. Дэлхийгээс гадна байхад биеийн болон сэтгэлзүйн хүнд сорилттой учрах бөгөөд аюултай сансрын цацраг, жингүйдэл, өдөр шөнө солигдох гээд олон сорилтуудтай нүүр тулах аж. Саяхан НАСА болон Германы сансрын анагаах ухааны хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Пенсильванийн их сургуулийн тархины физиологийн мэргэжилтнүүд, сэтгэл судлаачид хамтран хийсэн судалгаагаар өөр гарагт хүн суурьших замд гарах өөр нэгэн бэрхшээлийг илрүүлжээ. 

 

Судалгааны дүнд, Ангараг гарагийн бичил татах хүчний нөхцлүүд нь сансрын нисгэгчдийн оюун ухааны чадваруудыг бууруулаад зогсохгүй сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг танин мэдэж, түүнийг удирдах чадварт нь сөргөөр нөлөөлнө гэсэн дүгнэлт гарчээ. Сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь хүн хоорондын харилцаа үүсгэх чадварыг хариуцдаг, ийм чадвар байхгүй бол Ангараг гарагийн суурьшигчид нэгдмэл байж чадахгүй, улмаар оршин тогтноход нэн чухал үндэс суурь алдагдана гэж эрдэмтэд болгоомжилж байгаа гэнэ.

 

Судлаачид хүний сэтгэцэд Ангараг гарагийн татах хүч нөлөөлөх орчныг хиймлээр бий болгон, сонирхолтой туршилт явуулсан байна. Туршилтын явцад сайн дурынханд сансрын нисгэгчдэд тусгайлан зориулж боловсруулсан  НАСА-ийн оюуны чадамжийн тестүүдийг өгч, тэднээр гүйцэтгүүлж байжээ. Тухайлбал геометрийн дүрсүүдийг харуулж, тогтоолгон, хамгийн түрүүнд гарч ирсэн болон хамгийн түрүүнд тэдний харсан дүрсийг нэрлүүлэх, мөн алдартай жүжигчдийн гэрэл зургийг харуулан сэтгэл хөдлөлийг тогтоолгох зэрэг нийтдээ 10 тест гүйцэтгүүлсэн байна.

 

Тестүүдийг дүгнэж үзэхэд оюуны чадамж бага зэрэг буурсан нь тогтоогджээ. Гэхдээ оролцогчид тэнэг болсон гэж хэлж болохгүй, даалгавруудын гүйцэтгэлийн оновчтой байдал бараг өөрчлөгдөөгүй ч бодох хурд саарсан байна. Ингэснээр Ангараг гараг дээр суурьшигчид аливаа зорилт, асуудлыг шийдэхдээ илүү удаан бодох шаардлагатай болно гэсэн үг аж.

 

Түүнчлэн туршилтад оролцогчид хүний царайн дээр илрэх сэтгэл хөдлөлийн илэрхийллийг танихдаа ихээхэн хүндрэлтэй болсон байна. Туршилтын эхэнд буурч байсан оюуны чадвар дараа дараагийн шатанд нэг л түвшиндээ хадгалагдаж байсан бол сэтгэл хөдлөлийг таних чадвар туршилтын 60 өдөр дараалан буурч байжээ. 

 

Энэ бүхэн нь Улаан нүдэн гараг дээр суурьшигчдын хувьд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бөгөөд тэд болзошгүй онц байдалд шуурхай хариу арга хэмжээ авах чадваргүй болж магадгүй гэж эрдэмтэд үзсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ