Багш, сурагчдыг дэлгэцнээс салгаач, Л.Энх-Амгалан сайд аа!

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн II улирлын амралтыг цуцалжээ. Орон нутагт танхимын сургалтаар, нийслэлд теле хичээлийг үргэлжлүүлэн орно гэсэн үг. Уг 2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваариар бол 1-12 дугаар ангийн бүх сурагчид 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орох ёстой байв. Харин сайд энэ хуваарийг өөрчилжээ.
Цар тахлаа үүдэн сурагчдын хичээл хоцрогдол их байгааг ганцхан Л.Энх-Амгалан сайд мэдэж байгаа юм биш. Багш, сурагч, эцэг эх бүгд санаа зовниж байгаа. Хоёрдугаар ангийн сурагчид үсгээ мэдэхгүй, уншиж чадахгүй шахам байгаад багш, эцэг эхчүүд зовж байна. Сургуульд орсон цагаасаа эхлэн хөл хорионд орж, хичээл суугаагүй хүүхдийн буруу биш.
Гэвч хүүхэд хоцрогдсон хаягдсан, хичээлийн хөтөлбөр тасарсан нэрээр хүүхдийг дэлгэцийн хамааралтай болгох нь зөв үү. Багш, сурагчгүй өдөржин дэлгэц ширтэж, танхимын хичээл ордгоос илүү ядарч байгааг сайд та мэдэж байна уу. Захын багш, сурагчаас асуугаад үз. Тэд өрийн 12.00 цагаас эхлэн оройны 18.00 цаг хүртэл зурагт, компьютер, утасны дэлгэц ширтэж байна. Эхлээд теле хичээлээ үзэж тэмдэглэл хөтөлнө, багшдаа явуулж ирцээ авна. Үргэлжлүүлээд багшийн цахим хичээл орно. Цаашлаад багшийн өгсөн гэрийн даалгаварыг хийнэ. Хүүхэд ядарч байна, харааны бэрхшээлд орж, мэдрэлийн ядаргаанд туйлдах нь. Багш нар ч ялгаагүй, өдөржин шөнөжин дэлгэц ширтэж байгаа. Хүүхдүүдийнхээ ирц, даалгаварыг шалгах, маргаашийн цахим хичээлдээ бэлдэх гээд тэдэнд дэлгэцнээс салах цаг алга. Ийм байхад долоо хоног амраачихад юу нь болохгүй байгаа юм вэ, Л.Энх-Амгалан сайд аа?!
Угаас хичээлийн хөтөлбөрийг зохицуулаад төлөвлөсөн байсан амралт. Энэ амралтыг цуцаллаа гээд хичээлийн хоцрогдол арилахгүй. Теле болон цахим хичээлээр сурагчдын хоцрогдлыг арилна гэж бодож байгаа бол сайд та эндүүрч байна. Теле хичээл хүүхдэд үр өгөөжгүй, хуулж бичиж ирцээ авахаас өөрцгүй. Харин багшийн цахим хичээлийг хүүхэд бүр ойлгохгүй, хоцрох тохиолдол цөөнгүй. Товчхондоо хичнээн цахимаар нүдлээ ч танхимын хичээлийг гүйцэхгүй сайд аа. Амралтыг нь цуцалж, үргэлжлүүлэн дэлгэцтэй зууралдуулаад таны хүсч байгаа амжилт ололт ирэхгүй.
Тиймээс сайд аа, багш сурагчдыг ядаж долоо хоног дэлгэцнээс салгаж өгөөч. Тэд нүд, мэдрэлээ амрааг л дээ. Эдлэх ёстой амралтыг нь л эдлүүлчих.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ