ДЭМБ коронавирусийн үүслийн талаар шинэ таамаглал дэвшүүлжээ

img

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд шинэ төрлийн коронавирус үүсэх болзошгүй шалтгаан нь амьтны худалдаа байсан гэж үзсэн талаар Блүмберг агентлаг мэдээлжээ. 

 

Блүмберг агентлагийн мэдээлснээр, ДЭМБ-ын холбогдох илтгэл энэ долоо хоногт нийтлэгдэх гэнэ. Илтгэл нэгдүгээр сараас хоёрдугаар сард Хятадын Ухань хотод ажилласан шинжээчийн дүгнэлтүүд дээр үндэслэгджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, илтгэлд багтах дүгнэлтүүд нь эцсийн дүгнэлт биш гэнэ. ДЭМБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар шинэ төрлийн коронавирус нь амьсгалын замын хурц хэлбэрийн синдром үүсгэдэг вирустэй үүслийн хувьд төстэй байж магадгүй гэнэ. Энэ вирусийг сарьсан багваахай тээж, суусраар дамжин хүнд халдварласан аж.

 

ДЭМБ-ийн шинжээчид SARS-CoV-2 коронавирусийн үүслийн дөрвөн үндсэн таамаглалыг дэвшүүлжээ. Шинжээчид Уханийн далайн бүтээгдэхүүний зах дээр сарьсан багваахайнаас вирус шууд халдсан гэдэг нь магадлал багатай гэж үзсэн бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар вирусийн завсрын тээгч байсан гэнэ. Түүнчлэн коронавирусийг зохиомлоор гарган авсан, лабораториос алдагдсан гэдэгт ч ДЭМБ-ын шинжээчид эргэлзэж байгаа аж. Мөн халдвартай хүнсээр дамжиж вирус тархсан гэх таамаглал ч дэвшүүлжээ. 

 

Олон таамаглал дундаас Ухань дахь далайн бүтээгдэхүүний Хуанань зах дээр зэрлэг амьтад худалдаалж байсан нь цар тахал эхлэх шалтгаан байж болзошгүй гэдэг нь илүү магадлал өндөртэй гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. ДЭМБ-ын шинжээчдийн багт багтсан, Сиднейн микробиологч Доминик Дуайерын үзэж байгаагаар зах дээр зарагдаж байсан халдвартай амьтнаар дамжин вирус тархсан байх магадлалтай гэнэ.

 

Эргэн сануулахад, ДЭМБ-ын мэргэжилтнүүд Хятадын Ухань хотод нэгдүгээр сарын 14-нд очиж, хоёр долоо хоногийн тусгаарлалтад байсан юм. Энэ хугацаандаа тэд Хятадын мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдож, улмаар тусгаарлалтаас гарсныхаа дараа, нэгдүгээр сарын 31-ний өдөр Ухань дахь далайн бүтээгдэхүүний захын нөхцөл байдалтай танилцсан. Хоёрдугаар сарын долооны өдөр мэргэжилтнүүд ажлынхаа урьдчилан үр дүнгийн талаар мэдээлэл хийхдээ цаашид шалгахад туслах "чухал сэжүүрүүд"-ийг зах дээрээс олсон гэж мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ