Өөх ч биш, булчирхай ч биш байхаа больчих л доо, БШУЯ-аа!

img

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Л.Энх-Амгалан сайдынхаа сурагчдын амралтыг цуцалсан тушаалыг тайлбарлажээ.

 

Тус яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Албан ёсоор хэлэхэд, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, улирлын амралтыг цуцлаагүй. Гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-н хүртэлх хугацаа нь сурагчдын амралт тул танхимын сургалтыг яаж үргэлжлүүлэх, зайн сургалтаа хэрхэн зохион байгуулах нь тухай сургууль, цэцэрлэгийн асуудал” хэмээн ярьжээ.

 

Асууя, сурагчдыг амраана гээд байгаа юм уу, үгүй юу?! Сайд нь II улирлын амралтын хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг орон нутагт танхимаар, нийслэлд теле болон цахим хэлбээр зохион байгуулна гээд тушаал гаргачихсан. Өөрөөр хэлбэл багш, сурагчид амрахгүй гэдгийг тушаалаар баталгаажуулчихсан. Гэтэл одоо газрын дарга нь амралтыг цуцлаагүй, амарч болно. Гэхдээ хичээлээ танхимаар эсвэл цахимаар явуулахаа сургуулиуд өөрсдөө мэд гээд ярьчихлаа. Амралтыг цуцлаагүй гэж бөөрөнхийлж, толгой эргүүлэхээ л больчих. Сайд нь цуцалсан тушаал гаргаж, газрын дарга нь түүнийг нь сургуулиуд өөрсдөө мэднэ хэмээн өөх ч биш, булчирхай ч биш болгох ямар хэрэгтэй юм бэ?!

 

 

Тэгээд болоогүй сургуулиуд өөрсдөө хүүхдүүдэд ачаалал нэмээд байгаа тухай ч ярьж. Сайдын өмнөх тушаалуудад нь теле хичээл үзэж байгаа бол багш нь цахим хичээл орох шаардлагагүй. Харин багш нь цахим хичээл орж байгаа бол теле хичээлийг хийх албагүй гэнэ. Гэтэл сургуулиуд өөрсдөө дур мэдэн багш, хүүхдэд ачаалал нэмж, хичээлийг давхар оруулаад байгаа гэж. Тэгвэл сургуулиудын дур мэдсэн ажлыг мэдсээр байгаа юм бол боловсролын яам яагаад энэ асуудлыг зохицуулахгүй байгаа юм бэ. Өдөр шөнөгүй дэлгэц ширтэж байгаа багш хүүхдийн ачааллыг харсаар байж өнөөдрийг хүртэл дүлий  мэт байсан хэрэг үү. Эцэст нь сургуулиудад бурууг тохлоо.

 

Анхнаас нь цахим сургалтын ажлаа зөв удирдан зохион байгуулаагүй буруугаа багш, сургууль, сурагчдад тохох шаардлагагүй. Теле хичээлийг үзэж тэмдэглэхгүй бол хүүхдийн ирцийг бүртгэхгүй. Яамнаас гаргасан цахим журналд нь ирц бүртгэлээ оруулахгүй бол хүүхдийн дүн цаашлаад багшийн цалинтай ярина. Багшийн цахим хичээл орохгүй бол хоцрогдол өнөөгийнхөөс хэтэрнэ. Теле хичээлийн чанар ямар билээ дээ, хүүхдэд наалдах зүйлгүй.

 

Сайд нь, газрын дарга нь өөр өөр зүйл ярьж өөрсдийнхөө үнэн царайг харуулахгүйгээр багш, сурагчдад зохих ёсны амралтыг нь л эдлүүлчих. Долоохон хоног амарлаа гээд аль хэдийнэ тасарсан, хоцорсон сургалтын агуулга, чанарт чинь сүртэй нөлөөлөхгүй. Харин багш, хүүхдийн нүд мэдрэлд бол амралт болно.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сайдын зөв!
2021-03-23