АНУ-ын эдийн засгийг 3 их наяд доллараар дэмжинэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены зөвлөхүүд улсын эдийн засгийг гурван их наяд доллараар дэмжих төлөвлөгөөг ерөнхийлөгчид энэ долоо хоногт танилцуулна гэж Нью-Йорк Таймс мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, дэмжлэгт зарцуулах хөрөнгийг босгох зорилгоор корпорациуд болон чинээлэг америкчуудын татварыг нэмэхээр зэхэж байгаа гэнэ.
Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, эдийн засагт дэмжлэг өгөх төлөвлөгөөг хэдэн сарын туршид хэлэлцэж байгаа аж. Жо Байдены зөвлөхүүд энэ төлөвлөгөөгөө хоёр хуулийн төсөл болгон хуваах хүсэлтэй байгаа гэнэ. Хөрөнгийн ихэнх хэсгийг тээврийн систем, интернет, 5G, эрчим хүчний систем гээд дэд бүтэц рүү чиглүүлэхээр төлөвлөсний дээр иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулахаар төлөвлөжээ.
Өмнө нь, гуравдугаар сард Ерөнхийлөгч Байден цар тахлын нөхцөлд эдийн засгаа 1.9 их наяд доллараар дэмжих арга хэмжээнүүдийг баталсан юм. Ингэснээр зохих хөрөнгийг вакцинжуулалтыг санхүүжүүлэх болон эдийн засгийг дэмжихэд зарцуулжээ. Мөн иргэд тус бүр 1.4 мянган долларын тэтгэмж авах бол мужийн эрх баригчдад тусламж болгон 350 тэрбум долларын санхүүжилт илгээсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ