Зочид буудлуудыг тусгаарлах байраар ашиглахаар бэлтгэж байна

img

 

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариуллаа.

 

Вакцины хоёр дахь тун бэлэн байгаа юу?

 

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл:

 

-Хоёрдугаар сарын 23-наас эхлэн хоёр төрлийн вакцин хийж байгаа. Зааврын дагуу  АстраЗенека вакцины хоёр дахь тун 56, Синофарм үйлдвэрийн вакцин 28 хоногийн дараа  хийгдэх ёстой.  Вакцины хоёр дахь тун хийх өдрийн товыг тухайн хүний дугаарт илгээж байгаа.

 

Иргэд сайн дураар вакцинд хамрагдаж болох уу?

 

-Одоогоор зорилтод бүлгийн иргэдийг дархлаажуулж байгаа. Цаашид иргэд сайн дураараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой.

 

Дөрөвдүгээр сард хэдэн хүнийг татан авах вэ?

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-УОК-ын шийдвэрээр гурван сард нийт 14 удаагийн нислэг үйлдэж байна. Маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 165 иргэн ирнэ. Өнөөдөр УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 20 гаруй хүнийг гуравдугаар сарын 30-ны өдөр нэвтрүүлнэ. Тухайн иргэдийг Дарханд тусгаарлана. Дөрөвдүгээр сард 12 удаагийн нислэгээр  2100 орчим иргэдийг татан авна.

 

Тусгаарлах байрны нөөц хүрэлцээтэй юу?

 

-Нийслэлийн хэмжээнд зочид буудлуудыг тусгаарлах байраар ашиглахаар бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байраар ашиглахаар төлөвлөсөн есөн зочид буудлын 600 гаруй өрөө бий. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах 11 зочид буудлын 500 гаруй өрөө байна. Гуравдугаар сарын 15-наас эхлэн ойрын хавьтал болсон хүний саналыг харгалзан үзэж гэрээр тусгаарлах шийдвэр гаргаж ажиллаж байна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ