М.Өлзийбат: Монгол Улсад аюул учруулахуйц газар хөдлөлтүүд болсоор байна


Жил бүрийн гуравдугаар сарын дөрөвдэх 7 хоногийн лхагва гарагт улс орон даяар "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр"-ийг зохион байгуулдаг. Энэ өдрийг угтан ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн, БШУЯ, Онцгой байдлын албанаас "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь" цахим сургалт явуулав.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир “Сүүлийн жилүүдэд Монгол оронд газар хөдлөлтийн давтамж эрс нэмэгдэж байгаа. Тухайлбал 2020 онд хил орчмын бүс нутагт 64765 газар хөдөлт болсон байна. Үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэрт 44462 удаагийн, хил орчмын бүст 20203 удаа газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийллийн хувьд 3-3.5 магнитудынх 143 удаа, 4.4.5- 5.5 магнитуд таван удаа болсон байна.
Харин 2021 оны нэгдүгээр сараас хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 53113 удаагийн газар хөдлөлт болсон байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлтийн давтан чичирхийлэл 183 удаа бүртгэгдсэн. Энэ мэтчилэн газар хөдлөлтийн давтамж сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдэж байгаагаас харахад Монгол Улс эрсдэл, аюултай хэмжээнд байгааг харуулж байна” гэв.
ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбар (ГХСС)-ын дарга доктор, дэд профессор М.Өлзийбат “Газар хөдлөлт гэдэг агшин зуурт болдог ч маш их талбайг хамарч олон хүн амд хохирол амсуулдаг гамшгийн нэг төрөл. Өнгөрсөн зуунд магнитуд нь наймаас дээш газар хөдлөлт Монгол Улсад дөрвөн удаа болсон байдаг. Сүүлийн жишээ яривал он гараад Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон. Газар хөдлөлтийн хүчийг аваад үзвэл 6.8 магнитуд. Энэ газар хөдлөлтөөс өмнөхөн Япон Улсад болсон хүний амь нас хохирсон газар хөдлөлтийн магнитуд 6.9 байсан. Тэгэхээр өнгөрсөн зуунд ч биш одоо ч аюул учруулахуйц газар хөдлөлт манайд болсоор байна” гэлээ.
Улс, орон даяар гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилалт маргааш болно. Энэ үеэр ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумын заагт 7 магнитудын хүчтэй газар хөдөлтийг загварчилж Улаанбаатар хотод амжиж анхааруулах гамшгийн зарлан мэдээллэх системийг ажиллуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад, одоогоор дэлхийд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт 9 баллаар бүртгэгдсэн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ