COVID-19: Куба улс эдгэрсэн хүмүүсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байна

Куба улс коронавирусийн халдвараас эмчилж анагаасан хүмүүсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Твиттер хуудсандаа бичжээ.
"Кубад коронавирусийн халдвартай өвчтөнүүдийн 94.4 хувь нь эмчлэгдсэн. Энэ бол дэлхий дээрх хамгийн өндөр үзүүлэлт" хэмээн Родригес мэдэгджээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдварын тохиолдол 68 250, харин нас баралт 401 бүртгэгдсэн байна. Нас баралтын үзүүлэлт нь ч дэлхийн хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.
Мөн Куба улс дотооддоо олон төрлийн вакцин гарган авахаар ажиллаж байгаа аж. "Таван вакцины хоёр нь эмнэлзүйн гурав дахь шатандаа явж байна. Бид цар тахалтай тэмцэхийн тулд эм үйлдвэрлэлийн салбар, хүний нөөц, төрийн удирдлагын систем дээрээ тулгуурлаж байгаа" хэмээн Куба улсын Гадаад хэргийн сайд онцолсон байна.
Энд дуулгахад, Куба улсын хоёр дахь вакцин болох Абдала нэртэй вакцины эмнэлзүйн гурав дахь шатны туршилт гуравдугаар сарын 22-ны өдөр эхэлсэн юм. Туршилтад тус улсын 48 мянга гаруй сайн дурын хүн оролцож байгаа аж. Мөн Кубад боловсруулсан өөр нэг вакцины сүүлийн туршилтууд үргэлжилж байгаа бөгөөд гуравдугаар шатаа давж буй энэ вакцинаар 150 мянган эмнэлгийн ажилтныг вакцинжуулна гэж Куба улсын эрх баригчид мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ