Товчоогоороо тавиад туучихаж байгаа юм биш үү?!


Улаанбаатар хот нэгэнт коронавирусийн голомтот бүс нутаг болсон. Одоо харин аймаг, сумдад халдварыг тархаахгүй байхад нэн анхаарах шаардлагатай байгаа. Гэвч орон нутагт хэдийн 422 тохиолдол бүртгэгдээд байна.
Тодруулбал Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Завхан, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймагт халдвар тархжээ. Хамгийн сүүлд Баянхонгор аймагт нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарч халдвар бүртгэгдэв.
Уг нь, Улаанбаатар хотоос гарч буй тээврийн хэрэгсэл бүрийг шалган, PCR шинжилгээ өгсөн, хариу сөрөг гарсан хүнийг л орон нутагт зорчуулж байгаа. Гэвч коронавирус хөдөөд оччихсон дамжин халдварлаад буйн цаана олон шалтгаан байна.
“Шинжилгээ өгөлгүй, хөдөө яваад ирлээ” гэж хэнэггүй ярих хүмүүстэй Улаанбаатар хотод хэдэнтээ таарсан. Тэдний нэг нь явсан маршрутынхаа тухай “Улаанбаатараас Налайх хүртэл ямар ч асуудалгүй давхиж хүрсэн. Түүнээс цааш хулгайн замаар яваад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Баян” зөрлөгийн шалган нэвтрүүлэх товчоог тойрч гараад Багахангай ороод ирсэн” хэмээн ярилаа.
Харин буцаж ирэхдээ хүндэтгэх шалтгаантайгаар хот орох зайлшгүй шалтгаантай яваа хөдөөний хүний дүрд хувирч, танилаараа бичиг хийлгэж аваад гарсан ч үүрийн 05.00 цагийн үед өнөөх бичгийг нь үзэж харах хүн товчоон дээр байгаагүй хэмээн ярив. Ийм байдлаар тэр хэд хэдэн удаа алслагдсан дүүрэг, нийслэлийн хооронд ямар ч саадгүй зорчжээ. Эндээс, эхлээд иргэдийн ухамсаргүй үйлдэл халдвар тархах үндэс болж буйг харж болно.
Харин дараа нь халдварыг хөдөө, орон нутагт дайгаад явуулчихгүй байх хамгийн чухал хариуцлагыг хүлээсэн шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хайнга, хариуцлагагүй, ядраад харьчихдаг, орхиод явчихдаг ялархаг хандлага ажиглагдаж байна. Манай УОК-ийнхон тэргүүн фронтод хүчин зүтгэж буй гэж ярих их дуртай. Тэдний ярьдаг тэргүүн фронт үүр шөнийн заагт эзгүй байдаг бололтой.
Улаанбаатар хотод шөнө 23.00 цагаас хойш хөдөлгөөн хязгаарлаж бүх цагдаагаа зам дээр гаргачихаад байгаа. Үүний оронд шалган нэвтрүүлэх товчоодод бүх хүчин чадлаа төвлөрүүлэхгүй бол коронавирусийг товчоогоороо тавиад туучхаж байгаа юм биш үү.
Нэгэнт голомт болсон Улаанбаатараас “Ногоон бүс” дэх аймаг, сумдаа хамгаалах нь юу юунаас илүү чухал байна. Автобусанд хажууд суусан эмэгтэй Улаанбаатар хотын сургуульд сурдаг хүүхдээ хөдөө хүргэсэн. Тэнд нь аймгийн сургуульд хичээллүүлж байгаа тухайгаа ярьж явна. Тэгээд ч болсон хүүхэд суралцаж, хөдөөгийн сургуулиуд хичээллэж байх нь алсдаа улсын ирээдүйд хэрэгтэй байна.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ