Суэцийн суваг дахь түгжрэл газрын тосны үнэд нөлөөлөв

img

Чингэлэг тээвэрлэгч хайргадаж гацан, хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хаасны улмаас  Суэцийн сувагт түгжрэл үүссэн тухай мэдээлэл гуравдугаар сарын 24-ний өдөр гарсан. Ийнхүү усан замын хөдөлгөөнийг бүрэн хаасан чингэлэг тээвэрлэгчийг татаж гаргасан бөгөөд ойрын үед хөлөг онгоцнуудын хөдөлгөөн хэвийн болно гэж хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Ийнхүү хөлөг онгоцны түгжрэл үүссэн нь газрын тосны үнэд нөлөөлсөн гэнэ. Аль Арабиа телевизийн мэдээлснээр, дээрх үйл явдлын улмаас газрын тосны үнэ 5 хувиар өсчээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, лхагва гарагийн орой гэхэд өмнөд талаас суваг руу орох хэсэгт 15 хөлөг онгоц, пүрэв гарагийн өглөө 10 гаруй хөлөг онгоц бөөгнөрөн зогсож, сувгаар дамжин өнгөрөх усан онгоцнуудын түгжрэл Энэтхэг хүртэл үргэлжилсэн гэнэ. Одоо Суэцийн сувгийн хуучин голдрилоор үндсэн хөдөлгөөн үргэлжилж байгаа аж. 

 

Энд дуулгахад, түгжрэл үүсгэсэн хөлөг онгоц Панамын далбаатай байсан бөгөөд дэлхийн хамгийн том чингэлэг тээвэрлэгчдийн нэг юм байна. Хүчтэй шуурганы улмаас мягмар гарагийн өглөө хайргадсан энэ онгоц 400 метрийн урттай, улмаар сувгийн хөлөг онгоц нэвтрэх хэсгийг бүрэн хаажээ. 

 

Суэцийн сувгаар дэлхийн нийт ачаа тээвэрлэлтийн 12 хувь нь дамжин өнгөрдөг, түүнчлэн дэлхийн газрын тос тээвэрлэх усан замын хамгийн ачаалалтай хэсгийн нэгд тооцогддог юм. Энэ сувгаар шингэрүүлсэн хий тээвэрлэдэг нийт хөлөг онгоцны найман хувь нь дамжин өнгөрдөг. Жилд 19 мянга, хоногт 50 гаруй хөлөг онгоц Суэцийн сувгаар дамжин өнгөрдөг аж.

 

2014 онд хөлөг онгоцны хоёр чиглэлт хөдөлгөөнийг бий болгох зорилгоор 72 км урттай зэрэгцээ сувгийг барих ажил эхэлсэн. Египет энэ ажилд 8.2 тэрбум доллар зарцуулсан бөгөөд 2015 онд барилгын ажил дууссан юм. Ингэснээр Суэцийн сувгаар нэвтрэхэд 22 цаг шаардагддаг байсныг 11 цаг болгон бууруулж, нэвтрэн өнгөрөх хөлөг онгоцнуудын тоо ч нэмэгджээ. Суэцийн сувгаар дамжих жил бүрийн ачаа урсгал нэг тэрбум тонныг давдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ