Орон нутагт халдварыг эмчлэхэд бэлэн үү

img

 

Өчигдрийн байдлаар 285 хүнийг шинжилгээнд халдвар илэрч, манай улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо. Тэгвэл халдвар өргөн хүрээтэй тархаж байгаа энэ үед тусгаарлах байр, хамгаалах хувцас хэрэгсэл, хүрэлцээ,эмчилгээний ор, эмч, батлагдсан тохиолдлуудаа аймагтаа эмчилж байгаа эсэх талаар тодруулахаар Өвөрхангай, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн холбогдох албан тушаалтнуудтай холбогдсон юм.

 

Нөхцөл байдал хүндэрвэл хамгаалах хувцасны хомсдол үүснэ

 

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн Газрын дарга Б.Шиваанүрдэв:

 

-Батлагдсан тохиолдлуудаа эмчилж байна. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн зэрэгтэй байгаа. Одоогоор хамгаалах хувцас хэрэгсэл хүрэлцээтэй байна. Гэхдээ нөхцөл байдал хүндэрвэл хамгаалах хувцасны хомсдол үүснэ. Зочид буудал, рашаан сувилал, дотуур байруудыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн. Мөн бид дөрөв хоногийн өмнөөс аймагтаа PCR шинжилгээ хийдэг болсон. Өмнө нь сорьцоо ХӨСҮТ-рүү явуулдаг байлаа. Манай аймгаас Улаанбаатар хот руу хариу арга хэмжээний нэг баг явсан.

 

Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хариу арга хэмжээний багаа эргүүлэн татна

 

Увс аймаг аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Баттулга:

 

-Тусгаарлах байрны зориулалтаар 40 ортой дотуур байрыг ашиглаж байгаа. Мөн хоёр зочид буудалтай гэрээ байгуулсан. Зөөвөрлөгдөн орж ирсэн хоёр тохиолдлын биеийн байдал “дунд” зэрэгтэй эмчлүүлж байна. Тухайн батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтал есөн хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Увс аймагтаа PCR шинжилгээ авах боломжтой болсон. Өмнө нь Ховд аймаг руу сорьц илгээдэг байсан бол одооноос аймагтаа шинжилгээ хийх боломжтой боллоо. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд батлагдсан хоёр тохиолдол нь зөөвөрлөгдсөн.

 

Манай аймгаас Улаанбаатар хот руу хариу арга хэмжээний нэг баг ажиллахаар явсан. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хариу арга хэмжээний багаа эргүүлэн татна.

 

Ховд, ХӨСҮТ, ойролцоох PCR шинжилгээ хийж  байгаа аймгууд руу сорьцоо явуулж байна

 

 Завхан аймаг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн:

 

-Одоогоор Тосонцэнгэл суманд батлагдсан нэг тохиолдлыг эмчилж байна. Мөн гэрийн тусгаарлалтад 350 хүн бий. Цаашид тохиолдол нэмэгдвэл тусгаарлах байр дутмаг байна. Мөн хамгаалалтын хувцас хэрэгсэл хүрэлцээтэй биш. Манай аймагт халдварын тохиолдол батлагдсан учир Улаанбаатар хот руу хариу арга хэмжээний баг яваагүй. Ховд, ХӨСҮТ, ойролцоох PCR шинжилгээ хийж  байгаа аймгууд руу сорьцоо явуулж байна.

 

Аймгийн хэмжээнд эмчилгээний 560 ор дэлгэнэ

 

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр:

 

-Мөрөн суманд коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан 03 дугаар сарын 24-ний өдрийн 23:00 цагаас эхлэн 03 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд Мөрөн сум руу орох, гарах, сум доторх  хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвшөөрөгдсөн аж ахуй нэгж, байгууллагууд тусгай горимоор ажиллах,  зааснаас бусад аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Аймгийн Онцгой комиссоос гаргасан. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд  нийт 21 тохиолдол бүртгэгдээд байна.

 

Мөн одоогийн байдлаар сумдад 300, аймгийн нэгдсэн эмнэлэгт 260 нийт 560 орыг дэлгэх боломжтой. Ингэхдээ сумдын хүн амын тооноос хамаарч 10 хүртэлх орыг дэлгэж байгаа. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа батлагдсан тохиолдлуудаас гурван тохиолдльн биеийн байдал хүнд байна. Тодруулбал, нэг жирэмсэн эмэгтэй, дунд насны эрэгтэй, нэг ахмад настан бий. Мөрөн суманд хөл хорио тогтоосон энэ үед батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас шинжилгээ авах, ариутгал халдваргүйтгэл хийх, өргөжүүлсэн тандалт  судалгаа хийхээр ажиллаж байна. Манай аймаг 140 мянган хүн амтай. Хэрэв нөхцөл байдал илүү хүндэрвэл хүний нөөц, хамгаалах хувцасны нөөц хангалтгүй.  

 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Одоо дийлэхгүй, эвлэрээ, өндөр хөгжилтэй улс орон дийлэхгүй байхад инээд хүргэсэн юм бүү ярьцгаа.
2021-03-26