Д.Мижидбат: Вакцинд хамрагдахаасаа өмнө цусаа өгч амьдрал бэлэглээрэй

img

“Ковид-19” халдварын улмаас Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр цусны хомсдолд ороод байна. Дэлхий даяар донорын тоо 20-30 хувиар буурчээ.

 

Манай улсын хувьд бүх нийтийн вакцинжуулалттай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолд орох эрсдэл үүсчээ. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн маркетинг, олон нийттэй харилцах менежер Д.Мижидбат "ДЭМБ-аас вакцин тариулсан бол 30 хоногийн дараагаас цусаа өгөх зөвлөмжийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор цусны нөөцийн тоо багассан.

 

ДЭМБ-аас өгч буй зөвлөмжөө өөрчилж 30 хоногийн хугацааг 28 болгон багасгаж, вакцин тариулсны дараах хариу урвал хөнгөн, дунд зэрэг илэрсэн бол 14 хоногийн дараагаас цусаа өгч болно гэж зөвлөөд байна. Хэрэв бүх хүн вакцинд хамрагдчихвал цусаа өгөх доноргүй болж нөөцгүй болно.

 

Тиймээс иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагад вакцинд хамрагдахаасаа өмнө цусаа өгч амьдрал бэлэглээрэй гэж уриалмаар байна. Цусны нөөц багасч, хомсдол үүсэх эрсдэл байгаа тул бид өмнө нь цусаа өгч байсан доноруудтайгаа утсаар холбогдох, и-майл бичих зэргээр арга хэмжээ  авч байгаа” гэв.

 

Хэрэв та, танай байгууллага вакцинд хамрагдаагүй байгаа бол:

 

Сүхбаатар цус цуглуулах төв /Улсын нэгдүгээр төв эмнэлгийн залгаа/

 

Баянзүрх цус цуглуулах төв /Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн талд/-ийг зорихыг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хүслээ.

 

Цус сэлбэлт судлалын үндэсний төв"-ийн маркетинг, олон нийттэй харилцах менежер Д.Мижидбаттай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99202227 дугаарын утсаар холбогдох боломжтой. Мөн Донор та баатар цахим хуудсаас мэдээлэл авч болох юм.

 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ