Төсвийн 23.9 сая төгрөгөөр баригдсан жорлон 20 минутын салхинд нуржээ

Завхан аймгийн Нөмрөг суманд төсвийн 23 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан ариун цэврийн байгууламж салхинд нурсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархлаа. Уг мэдээлэл үнэн эсэхийг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга Ч.Шошдараас тодрууллаа.
Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга Ч.Шошдар:
-Манай суманд өчигдөр хүчтэй шороон шуурга боллоо. Шуурганы улмаас төслөөр барьсан жорлон нурсан. Уг жорлон 2020 онд баригдаж, ашиглалтад орсон. Би 2020 оны 12 дугаар сард ажлаа хүлээж авсан. Уг эко, ариун цэврийн байгууламж төсвийн 23,9 сая төгрөгөөр баригдсан гэсэн мэдээлэл байгаа. Ажлаа аваад удаагүй байгаа болохоор ариун цэврийн байгууламжийн талаар сайн судлаагүй байна. Мөн өчигдрийн шуурганаар постны гэр нурсан. Харин өнөөдөр тэнгэр цэлмэг, тогтуун байна. Ариун цэврийн байгууламжийн талаар өмнөх засаг дарга н.Түмэндорж гэдэг хүнээс лавлаарай гэлээ.
Бид мэдээллийн дагуу Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга асан н.Түмэндоржийн дугаар луу залгахад холбогдох боломжгүй байлаа. Мөн санхүү хариуцсан албан тушаалтангуудтай холбогдоход "мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.
Завхан аймгийн Нөмрөг сумын цахим хуудсанд салхинд нурсан ариун цэврийн байгууламжийн зургийг байршуулж, сэтгэгдэл хэсэгт нутгийн иргэд "Хайран сайхан 00-ыг минь хорьхон минутын салхи эвдчихлээ гэж үү? Ирэх зуны наадмаар тухлан суух нь өнгөрлөө хха", "Ийм үнэтэй жорлонг тууз хайчилж нээсэн байхдаа.": "Эвий эвий тийм их үнэтэй байсан юм бол даатгуулахгүй яав даа" зэрэг сэтгэгдлүүд үлдээжээ.
Үнэ дагаж чанар гэдэг дээ. Төсвийн 23,9 сая төгрөгийн хөрөнгөөр баригдсан жорлон байгалийн ямар ч гамшиг тохиосон байж л баймаар юм. Үнэндээ манай эмээ хашаандаа 20 мянган төгрөгөөр тухтай ариун цэврийн байгууламж барьж байлаа. Хорин минутын салхинд нурсан жорлонгоос тухтай, хоёр, гурван жил цас, бороо, шороон шуурганд ганхахгүй байж л байна.
Төсвийн мөнгөөр туйлж байна даа энэ дарга нар... Түмэн олон харж байгаа шүү.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ