Хүчтэй салхины улмаас гэр нурж, барилгын дээвэр хууларчээ

img

 

Өнгөрсөн хоногт Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цасаар шуурсан. Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн Бор ширээт гэдэг газар энэ сарын 26-нд  салхины хурд 18-24 м/с хүрсний улмаас иргэн А. С нарын хоёр гэр нуржээ.  Мөн өдөр тус аймгийн Жаргалан сумын Завхан гол, Тэлмэн, Бүрэн багт салхины хурд 18-24 м/с хүрсний улмаас 6 айлын гэр, 25 айлын хашаа, мөн 5 барилгын дээвэр хууларсан байна.  Иргэн М-ын 4 ханатай, Э-ийн 4 ханатай, М-ийн 4 ханатай, Г-ын 4 ханатай, Ц-ийн 4 ханатай, “Хүслэнт хүдэр” ХХК-ийн 5 ханатай гэр тус бүр нурж, хүүхдийн цэцэрлэгийн тоглоом эвдэрч, музейн барилгын төмөр дээвэр, сургуулийн агуулахын төмөр дээвэр, наадмын талбайн сүүдрэвчний төмөр дээвэр, сургуулийн агуулахын төмөр дээвэр, худагийн төмөр дээвэр хууларч унасан байна. 

 

Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газар мөн өдөр салхины хурд 18-22 м/с хүрсний улмаас иргэн Б, Б нарын 4 ханатай 2 гэр нуржээ.  Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Хөндий” гэдэг газар өчигдөр салхины хурд 22 м/с хүрсний улмаас иргэн С-ын 2 гэр нурж унасан байна. 

 

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн Нисэхийн 6 дугаар гудамжинд 03.27-ны өдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас иргэн Б-ийн 30х30 метрийн хэмжээтэй блокон хашаа нурж  унасны улмаас 20 бог мал дарагдаж хорогджээ. 

 

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Ар жаргалант багийн “Ар жаргалант” гэдэг газар өчигдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас 2 гэр нурж, 1 байшингийн төмөр дээвэр хууларсан байна. Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн “Задгай”-д өчигдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас барилгын дээвэр, дулаалга хууларчээ.

 

Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багийн 6 дугаар гудамж 03.27-ны өдөр салхины хурд 30 м/с хүрсний улмаас 1 айлын байшингийн төмөр дээвэр хууларсан, 1 айлын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн төмөр дээвэр, иргэн Б-ын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 16:44 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Эх сурвалж: ОБЕГ

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ