"Элэгний B,C,D вирусийн архаг үрэвсэлтэй ч ээнэгшил алдагдаагүй тохиолдолд вакцин хийж болно"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.28/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул:
-Вакцин хийхийн өмнөх туйлын эсрэг заалт гэж бий. Тухайн хүнд вакцины найрлагад орсон бодис харшилдаг бол вакцин хийхгүй. Дархлаажуулалтын цэг бүрд эмч ажиллаж, иргэдээс асуумж авч, вакцин хийх эсэхээ шийдэж байна. Эсрэг заалт гэж бий. Жишээлбэл, цочмог халдварт өвчнүүд багтана. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд уналт, таталт өгч байсан мэдрэлийн үрэвслийн хам шинжүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, цус гоожилтын хам шинжтэй, коронавирусийн халдвараар өвчилсөн бол вакцин хийхгүй. Хэрэв халдвараар өвчлөөд эдгэрсэн бол зургаан сарын дараа, цус, сийвэн хийлгэсэн бол гурван сарын дараа вакцин хийлгэнэ.
Элэгний хүнд хэлбэрийн өвчтэй, цус алдах эрсдэлтэй бол мөн хийхгүй. В, С вирусийн хувьд хатууралтай. Үүнээс үүдэн шарлалт өгчихсөн, хэвлийд ус үүссэн, цус алдах эрсдэл бүхий байвал дархлаажуулалтад хамрагдах боломжгүй. Элэгний B,C,D вирусийн архаг үрэвсэлтэй, хатууралтай ч ээнэгшил алдагдаагүй тохиолдолд эмчийн дүгнэлтээр вакцин хийнэ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ