ВИДЕО: Алслагдсан дүүргийн иргэд иргэний үнэмлэхний хаягаар товчоодоор нэвтэрнэ

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглосон.
Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, зайлшгүй шаардлагатай хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн ачаа тээвэр тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлнэ.
Иргэд болон ачаа тээвээрлэгчдийн зорилго, ачаа тээвэр, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар байна.
Буяны ажилтай иргэд мөн тухайн нас барсан хүний лавлагаа, төрөл садныг батлах баримт бичигтэй байна.
Улаанбаатар эмчилгээ хийлгэх иргэд 13/А маягттай байна. Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлана. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглоно. .
Халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын Улаан түвшинд 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлсэн.
Харин нийслэлд халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжсэн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан.
Багахангай, Налайх дүүргийн иргэд иргэний үнэмлэхний хаягаар товчоодоор нэвтэрнэ. Төр, засгийнхаа шийдвэрийг дагаж мөрдөхийг УОК-ийн Шуурхай штабаас уриаллаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ