Шинжлэх ухааныг сөрж, гайхамшиг байдгийг харуулсан Ной хүү

Их Британид амьдардаг Ной Уолл хүүг хорвоод мэндлэхээс нь өмнө л эмч нар тэр хэзээ ч явж, ярьж, бие даан хооллож чадахгүй гэж түүний эцэг эх болох Шелли, Робу нарт хэлж байжээ. Хүү амьд төрсөн ч хөл дээрээ босож, хөдөлж чадахгүй, байнгын асаргаанд байна гэж сануулсан байна.
Хүүг эхийнхээ хэвлийд байхад нь л "нугасны ивэрхий" хэмээх онош тавьсан бөгөөд энэ нь биеийн хэсэг сааждаг төрөлхийн дутуу хөгжил юм. Мөн тархины бичлэг хийхэд толгойд үүссэн тархины гажгийн улмаас хүүгийн тархины ихэнх хэсэг байхгүй нь тогтоогджээ. Түүгээр ч зогсохгүй Эдвардсын синдром гэх нэн ховор генетикийн өвчин ч оношлогдож. Ийм оноштой хүүхдүүдийн ердөө 5-10 хувь нь л нэг ой хүртлээ амьдардаг гэнэ. Хүүгийн өвчин үүгээр дууссангүй. Патуагийн синдром гэх өөр нэг хөгжлийн төрөлхийн хүнд гажиг оношлогдсон бөгөөд ийм оноштой хүүхдүүдийн 95 хувь нь ой хүрэхгүй нас бардаг аж.
Ингээд эмч нар Шелли Уоллд жирэмслэлтийг таслан зогсоохыг таван удаа санал болгожээ. Гэвч тэр нөхрийн хамтаар энэ саналаас эрс татгалзав. Тэд үр хөндөлтийг эсэргүүцэгчид бөгөөд хүүхдэд амьдрах боломж олгохыг хүсчээ. Гэвч тэд өмнө нь тулгарч буй сорил, бэрхшээлд бэлэн байв. Эмч нартай хийсэн ээлжит хүндхэн ярианы дараа хүүгээ төрөхөөс өмнө авс худалдан авч, оршуулгад бэлдэж байжээ.
Гэвч Ной хүү "бууж өгсөнгүй". Төрөх эмнэлгийн ажилтнууд амьгүй ураг хүлээж байсан ч хүү амьд мэндэлж тэднийг гайхшруулжээ. Гэсэн ч нарийвчилсан оношлогоо хийхэд Ной хүүд тархиных нь ердөө хоёрхон хувь байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь хүү амьсгалж, идэж, ууж чадахгүй гэсэн үг.
Долоон долоо хоногийн дараа хүүгийн толгойноос гуурсаар шингэнийг гадагшлуулахын тулд тархинд нь тусгай төхөөрөмж суулгав. Гайхамшиг тохиож, хүүгийн тархи өсч эхэлжээ. Ной хүүг гурван настай байхад тархины бичлэг хийхэд тархи нь 80 хувь хүртлээ өсч, бараг л бүрэн хэмжээгээ ажиллаж чадаж байгаа нь тогтоогджээ. Доктор Скоттын өгүүлснээр толгой доторх шингэнийг гадагшлуулснаар тархи өсөх орон зайг чөлөөлсөн байж болох гэнэ. Гэхдээ хоёрхон хувь байсан тархи 80 хувь болсон нарийн шалтгааныг хэн ч мэдсэнгүй.
Одоо Ной үе тэнгийнхнийхээ адилаар уншиж, математикийн бодлого бодож чаддаг. Гэсэн ч сургуульд явдаггүй, гэрээрээ сурдаг аж. Учир нь хүү зөвхөн оюуны чадвар төдийгүй бие бялдраны чадварыг сэргээх, хөгжүүлэхэд зориулсан нөхөн сэргээх эрчимтэй эмчилгээг гэрээрээ хийлгэдэг гэнэ. Мөн Ной явж чадахгүй, хүү тэргэнцэр дээр суудаг бөгөөд бусдаар энгийн хүүхдүүдээс огт ялгардаггүй, ухаалаг төхөөрөмжүүдийг ч чадварлаг ашигладаг аж.
Эцэг эх нь гайхамшиг үргэлжилж, хүү нь явж чаддаг болно гэдэгт итгэлтэй байгаа. Хоёр жилийн өмнө бүсэлхийнээс доош саажсан Ной анх удаа баруун хөлөө хөдөлгөжээ. Энэ нь туршилтын эмчилгээний нэг курс хийлгэсний дараах үр дүн гэнэ.
Шинжлэх ухааны үүднээс амьдрах ямар ч боломжгүй гэгдэж байсан Ной хүү саяхан есөн насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэр бол гайхамшиг байдгийн баталгаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ