Канад АстраЗенека вакцин ашиглахаа түр зогсоожээ

Канад улс цусны бүлэгнэл үүсч болзошгүй гэж болгоомжилсны улмаас 55 хүртэлх насны хүмүүсийг вакцинжуулахад АстраЗенека вакциныг ашиглахаа түр зогсоосон талаар Асссошейтед пресс агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Канадын Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороо ийм зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд өгсөн байна.
"55 хүртэлх насны насанд хүрсэн хүмүүсийг АстраЗенека вакцинаар дархлаажуулах тал дээр болзошгүй эрсдэл, тодорхойгүй байдал бий болсон" хэмээн Канадын Дархлаажуулалтын үндэсний төвийн орлогч дарга мэдэгджээ.
Тус төвийн мэдэгдсэнээр, одоогийн байдлаар цусны бүлэгнэл үүсэх эрсдэл 100 мянган хүнд нэг тохиож байгаа нь өмнө нь таамаглаж байснаас өндөр үзүүлэлт гэнэ. Канадын Манитоба мужид вакцин нэвтрүүлэх ажлын хэсгийн гишүүн, доктор Жосс Реймерийн өгүүлснээр Европт АстраЗенека вакцинаас үүдэлтэй өндөр эрсдэл илрүүлээгүй ч ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд гаж нөлөө хүндэрсэн ховор тохиолдол гарсныг онцолсон байна.
Эргэн сануулахад, Герман, Итали, Норвеги, Латви, Исланд, Франц, Индонези, Словени и зэрэг Европын олон оронд АстраЗенека вакциныг ашиглахаа түр зогсоосон юм. Эдгээр орнуудын эрх баригчид вакцинаас үүдэлтэй байж болзошгүй гаж нөлөөнөөс сэрэмжлэх үүднээс ийм шийдвэр гаргаж байлаа. ДЭМБ АстраЗенека вакциныг аюулгүй гэж мэдэгдсэний дараа зарим орон энэ вакциныг үргэлжлүүлэн ашиглаж эхэлсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ