Хятад Хонконгийн сонгуулийн системийг өөрчлөх төлөвлөгөөгөө батлав

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал Хонконгийн сонгуулийн системийг шинэчлэх төлөвлөгөөг баталсан талаар South China Morning Post мэдээлжээ.
Шинэчлэлтийн хүрээнд Хонконгийн захиргааны тэргүүн болон Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийг сонгодог сонгогчдын коллегийн тоо болон тэднийг бүрдүүлэх журам өөрчлөгдөж байгаа гэнэ. Ингэж шинэчилснээр хотыг "эх орончид удирдана" гэж Хятад тооцоолж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинэчлэлтийг санал нэгтэйгээр буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны 167 гишүүн бүгд дэмжжээ. Сонгуулийн системийг өөрчилснөөр сонгуульд хэн нэр дэвших эрхтэй эсэхийг тодорхойлох тусгай байгууллагыг бий болгох гэнэ. Түүнчлэн Хууль тогтоох зөвлөлийн шууд санал хураалтаар сонгодог суудлын тоог цөөлөх юм байна. Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийн тоо 70 байсныг 90 болгон нэмэгдүүлж, тэдний 40-ийг Бээжингийн хяналттай сонгуулийн зөвлөлийн төлөөлөгчид эзлэх аж.
Ийнхүү шинэчлэл нэвтрүүлэх зорилго нь системд үүссэн эрсдэлүүдийг устгаж, автономт бүс нутагт эх орончдод эрх мэдлийг олгох явдал гэж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы нээлтэн дээр хуурлын орлогч дарга Ван Чен мэдэгдэж байв. Түүний үзэж байгаагаар Хонконгийн нийгэмд гардаг үймээн, хөдөгөөн нь өнөөгийн сонгуулийн системд цоорхой, дутагдал байгаагийн илрэл гэнэ.
Өнгөрсөн онд Хонконгийн аюулгүй байдлын тухай шинэ хуулийг боловсруулахдаа Бээжингийн албаны этгээдүүд мөн л "хуулинд цоорхой бий" хэмээн ярьж байсан юм.
Сонгуулийн системийг өөрчлөх тухай шийдвэр нь Британи 1997 онд Хонконгийг Хятадад шилжүүлсэн цагаас хойш гарч буй Хонконг дахь хамгийн том улс төрийн өөрчөлт гэж Австралийн Үндэсний их сургуулийн профессор Бенжамин Хилман үзжээ. Түүний үзэж байгаагаар ийм байдлаар эрс өөрчлөлт хийх нь Хонконгийн оршин суугчдын цорын ганц зорилго болсон улс төрийн өрсөлдөөний орон зайг багасгах гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ