Цыденов: Монголоос Буриадыг зорих жуулчдын урсгал нэмэгдэнэ

Буриадын сэтгүүлчид тус улсын тэргүүн Алексей Цыденовтой уулзан, ярилцлага хийжээ. Энэ үеэр Монголтой харилцах харилцааны талаар асууж тодруулсныг хүргэж байна.
-Хөдөө аж ахуй хариуцсан орлогч дарга асан Даба-Жалсан Чирипов Монголтой харилцах сайдаар томилогдлоо. Энэ нь манай хоёр орны харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ? Зөвхөн соёлын харилцаан дээр идэвхжих үү, эсвэл ах дүүгийн харилцаатай оронтой эдийн засгийн харилцаагаа хөгжүүлнэ гэж хүлээх үү?
-Монгол Улстай бид соёл, гэгээрлийн төдийгүй сайн хөршийн ашиг сонирхолтой. Бид эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, хөгжүүлэх сонирхолтой байгаа. "Восточно-Сибирский" гахайн аж ахуйгаас Монгол руу гахай нийлүүдэг, Монголын зах зээл дээр Буриадын хүнс нийлүүлэгдэж байгааг та бүхэн мэднэ.
Одоо бид Байгалын нэмхмэлийн үйлдвэрт хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжөөр бөс даавуу, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн үед бидэнд ноосны хэрэгцээ гарсан. Үүнийг Монгол Улс нийлүүлэх боломжтой.
Бид Буриад-Монголын хамтын ажиллагааг аялал жуулчлалын салбар дээр бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа. Гэтэл манайд энэ салбарт ихээхэн нөөц боломж бий. Бид Монды (shuud.mn: Монголын талаас Ханх боомт) хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр хил нэвтрүүлэх форматыг өөрчлөхөөр олон ажил хийсэн.
Одоогоор Монды хилээр гагцхүү Орос, Монгол гэсэн хоёр орны иргэд л нэвтрэх боломжтой. Ойрын үед энэ шалган нэвтрүүлэх хэсэг олон улсын статустай болно. Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсын Хөвсгөл нуурыг зорих олон мянган жуулчин Монды боомтоор дамжин Байгал нуурыг үзэх боломжтой болох юм. Одоогоор тэд хилийн асуудлыг шийдээгүй учраас ийм аялал хийх боломжгүй байна.
-Хилийн статусыг хэзээ өөрчлөх вэ?
-Монды хилийн шалган нэвтрүүлэх цэг 2021 онд олон улсын статустай болох байсан ч цар тахлын улмаас саатсан. Гэхдээ хөтөлбөрийн баримт бичгүүдийг бүгдийг зөвшилцсөн, бэлэн болсон байгаа. 2022 онд олон улсын статустай болно гэж найдаж байна. Ингээд бид Монголоос Буриад руу чиглэсэн жуулчны урсгал нэмэгдэнэ гэж найдаж байгаа юм.
-Монгол Улстай харилцах сайдаа Даба-Жалсан Чириповыг сонгох болсон шалтгаан юу вэ?
-Даба-Жалсан Чириповд маш их боломж бий. Өмнө нь Буриадын Засгийн газрын орлогч дарга, Хөдөө аж ахуйн сайд байсан хүний хувьд тэр Монголтой маш нягт харилцаатай болсон. Энэ бол нэгдүгээрт. Хоёрдугаарт, тэр монгол хэлний мэдлэгтэй. Энэ бол тун чухал хүчин зүйл. Гуравдугаарт, нас тогтсон, амьдралын туршлагатай, монголчууд үүнд ихээхэн ач холбогдол өгдөг.
-Яам өргөн бүтэцтэй байх уу?
-Үгүй ээ. Сайд болон түүний туслах гээд л боллоо. Ямар ч боловсон хүчин, ямар ч тусдаа нягтлан бодох бүртгэл байхгүй.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ