ЭЕШ-д сонгож баталгаажуулсан хичээлийг хасах, солих боломжгүй

img

 

ЭЕШ-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 09.00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил, бүртгэл, шалгалт авах хугацаа зэрэг асуудлаар БҮТ-ийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

 

Өнөөдрийн байдлаар элсэлтийн ерөнхий шалгалтад хэдэн шалгуулагч бүртгүүлсэн байна вэ?

 

-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 35997 хүүхэд төгсөнө. Өмнөх оны төгсөгчид  нэмэгдээд нийт 39000 хүүхэд шалгалт өгөхөөр тооцож бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдрийн байдлаар шалгуулагчдын 50 хувь нь бүртгүүлжээ. ЭЕШ шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ний өдрийн 18:00 цагт дуусгавар болно. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлийг нэмж болно. Харин сонгож баталгаажуулсан хичээлийг хасах, солих боломжгүй.  

 

ЭЕШ-д хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн сурагчид хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох баримт, бичгийг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ гэсэн мэдээлэл байна? Энэ талаар тодруулбал?

 

-Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол БҮТ-д эмчийн магадлагаа, тухайн хүүхдэд БҮТ-өөс ямар дэмжлэг шаардлагатай талаар өргөдөл бичиж ирнэ. Тодруулбал, дэмжлэг үзүүлэх юм. Жишээлбэл, сонсголын бэрхшээлтэй хүүхэд шалгалт өгөх гэж байгаа бол тухайн ангид нь дохионы хэлний багш байлгах, харааны бэрхшээлтэй бол хариултын хуудсыг өөр стандартаар хэвлэж өгөх зэргээр тусламж үзүүлдэг.

 

БҮТ-ийн цахим хаягнаас ашиглав.

 

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй шалгуулагчдаас  Монгол, хэл бичгийн шалгалт авах уу?

 

-Засгийн газрын тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцаж байгаа хүүхдүүд монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх шаардлагатай байдаг. Тиймээс Монгол, хэл бичгийн шалгалтыг ирэх тавдугаар сард авахаар төлөвлөж байна. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан Улсын Онцгой комиссоос чиглэл өгөх байх.

 

Энэ жилийн ЭЕШ-ын агуулгад 12 дугаар ангийн хичээлийн хөтөлбөрийг оруулахгүй гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан байна. Энэ үнэн үү?

 

-Ташаа мэдээлэл тарсан байна. Өнгөрсөн жил хичээлийн жилийн эхний хоёр улирал танхимаар хичээллэсэн. Харин энэ жил 11 дүгээр сарын 11 хүртэл танхимаар хичээллэсэн. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын агуулгыг боловсруулахдаа танхимаар судалсан хичээлийн агуулгад түшиглэнэ. Өөрөөр хэлбэл, энэ жил танхимаар судалсан агуулгад түшиглэж даалгавар боловсруулна.  

 

Шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлэхдээ ихэвчлэн ямар алдаа гаргаж байна вэ?

 

-Шалгуулагчид хоёр төрлийн алдаа ихээр гаргаж байна. Тодруулбал, цахимаар бүртгүүлэхдээ  гар утсаар дарсан өнгө гэрлийн шаардлага хангахгүй цээж зураг оруулж байгаа. Мөн хувийн мэдээллээ бүртгүүлэхдээ утасны дугаар, цахим хаягаа алдаатай бүртгүүлэх тохиолдол гарч байна.

 

БҮТ-ийн цахим хаягнаас ашиглав.

 

М.Насан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ