Мексикийн хар тамхины бүлэглэлүүд хуурамч вакцин наймаалж байна

img

Мексикт коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг хуурамчаар хийсэн хэргүүд бүртгэгджээ. Вести агентлагийн мэдээлснээр, Америкийн Пфайзер вакциныг хуурамчаар үйлдсэн нь батлагдсан бөгөөд гадна талаас нь харахад шил болон шошго нь жинхэнэ вакцинаас ихээхэн ялгаатай байгаа гэнэ. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, хуурамч вакцины шилэн дотор чухам юу агуулагдаж байгааг лабораторийн шинжилгээгээр тогтоох аж. Хуурамч вакцин үйлдвэрлэгчдийн үйлдлийг таслан зогсоосон ч тодорхой тооны вакциныг хэдийнэ борлуулчихсан байсан гэнэ.

 

Хуурамч вакцины үнэ зарим тохиолдолд жинхэнэ вакцинаасаа хэдэн арав дахин өндөр байх тохиолдол бий. Тухайлбал, Хятадад хуурамч вакциныг 750 ам.доллараар, Оксфордын вакциныг 500 доллараар зарж байжээ. Түүнчлэн Оросын "Спутник V" , Америкийн Модерна вакциныг дуурайлгасан хуурамч бэлдмэлийг  Мексикт худалдаж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ улсад хэдийнэ вакцины хар зах зээл үүссэн байна.

 

Африк, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн орнуудад вакцины хомстол нүүрлэсэн нь ийнхүү хуурамч вакцины зах зээл үүсэхэд нөлөөлжээ. Гэхдээ коронавирусийн цар тахал гарахаас ч өмнө Мексик улс "эм бэлдмэлийн хар зах зээл"-ийн гол төвүүдийн нэг байсан юм. 2018 онд энэ улс хуурамч эм бэлдмэлийн борлуулалтаараа дэлхийд зургадугаарт бичигдэж байв. Энд хуурамч эм бэлдмэлийн эргэлт жилд 50 тэрбум ам.долларт хүрдэг гэнэ. 

 

Вести агентлагийн мэдээлснээр, Мексикийн хар тамхины бүлэглэлүүд цар тахлын улмаас нийлүүлэлтийн сувгаа алдаж, улмаар коронавирусээс сэргийлэх вакцин хуурамчаар үйлдэх ажил эрхлэх болсон байна. 

 

"Хаа сайгүй хөл хорио тогтоосон учир хар тамхины наймаачдад хямрал хүчтэй цохилт өгсөн. Тэдний тээвэрлэлтийн суваг хаагдсан тул тэд мөнгө олох шинэ арга хайх болсон юм. Цар тахлын нөхцөлд вакцинаар мөнгө олох боломжтой, тиймдээ ч тэд хуурамч вакцины борлуулалт хийх болсон" хэмээн улс төр судлаач Малек Дудаков өгүүлсэн байна. 

 

Хуурамч вакцины хэргийг илрүүлсэн ч тодорхой тооны вакцинууд хэдийнэ хэрэглэгчдэд хүрсэн гэнэ. Тодруулбал, Мексикийн Кампече мужийн аж үйлдвэр, зочид буудлын мянга гаруй ажилтан хуурамч "Спутник V" вакцин тариулсан хэргийг Мексикийн эрх баригчид шалгаж байгаа аж. Одоогоор хуурамч вакцинаар тариулснаас үүдэлтэй гаж нөлөөний талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ