Тайланд ирэх зунаас жуулчдыг тусгаарлалтгүйгээр хүлээн авна

Таиландын Пхукет арал вакцин тариулсан жуулчдыг долдугаар сарын нэгнээс эхлэн тусгаарлалтгүйгээр хүлээн авахаар болжээ. Харин Таиландын бусад бүс нутгуудад хөл хорио хязгаарлалт хэвээр үргэлжлэх юм байна.
Таиландын Аялал жуулчлын удирдах газрын мэдээлснээр, Пхукет арал дээр тусгаарлалтад орохгүйгээр ирэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн, коронавирусээс сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан байх ёстой аж. Түүнчлэн, нислэгээр ирэхээс өмнө 72 цагийн дотор өгсөн PCR тестийн сөрөг хариу, коронавирусийн халдварын эмчилгээний үнийг багтаасан даатгал хийлгүүлсэн байх ёстой юм байна.
Энд дуулгахад, аялал жуулчлалын салбараас ихээхэн орлого олдог Таиланд улс цар тахлын улмаас ихээхэн хохирол амссан энэ салбарыг хөл дээр нь босгохын тулд төрөл бүрийн санал тавьж байсан юм. Тухайлбал, Таиланд руу ирсэн жуулчид хоёр долоо хоногийн тусгаарлалтыг дарвуулт завь дээр өнгөрүүлэх боломжтой хэмээн зарлаж байлаа. Харин тусгай дарвуулт завь түрээслэх боломжгүй жуулчид Пхукетийн эргийн дагуу жижиг хөлөг онгоцуудад тусгаарлагдах өрөө санал болгож байв.Засгийн газрын тооцоолсноор, энэ нь цар тахлын улмаас уналтад орсон аялал жуулчлалыг сэргээгээд зогсохгүй дарвуулт завины бизнест хоёр тэрбум орчим ам.долларын ашиг авчрах гэнэ.
Засгийн газрын энэхүү хөтөлбөрт 100 орчим дарвуулт завь оролцохоор болсон бөгөөд зорчигчдод тусгай бугуйвч өгөх бөгөөд энэ бугуйвч нь биеийн халуун, даралтыг хэмжиж, байршил тогтоодог тул тогтоосон хугацаанаас өмнө жулчид эрэг дээр гарах боломжгүй болох юм байна. Бугуйвчны мэдээллийг 10 км зайнаас хяналтын алба хянах гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ