Австри Оросоос вакцин худалдаж авахаар хэлэлцээ хийж байна

img

Австрийн Засгийн газар "Спутник V" вакцины нэг сая тун худалдан авахаар Оростой хэлэлцээ хийж байгаа талаар DW агентлаг мэдээлжээ. Австрийн канцлер Себастьян Курцын мэдэгдсэнээр хэлэлцээ хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн байна. 

 

Хэлэлцээрийн дагуу захиалсан вакциныг гурван үе шаттайгаар нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Эхний ээлжийн 300 мянган тун дөрөвдүгээр сард, 500 мянган тун тавдугаар сард, үлдсэн 200 мянган тун нь зургадугаар сард Австрид ирэх ёстой юм байна.

 

Хэлэлцээний явцад талууд "нууц баримт бичгийг бусдад задруулахгүй" хэмээн тохиролцжээ. Европын холбооны хэлэлцээрээр хүлээн авах вакцинаас гадна нэмэлт нэг сая тун Австри авснаар иргэд нь "хэвийн амьдралд хурдан орж, олон хүний амь нас, ажлын байрыг аврах боломжтой" гэж тус улсын канцлер Себастьян Курц мэдэгдсэн байна.

 

Австриас гадна Словак, Чех улсууд Оросын вакцин худалдан авахаар хэлэлцээ хийж байгаа аж. Одоогоор "Спутник V" вакцинаар дархлаажуулж байгаа Европын холбооны цорын ганц улс нь Унгар бөгөөд өнөөг хэр нь Оросын вакциныг Европын эм бэлдмэлийн агентлаг зөвшөөрөөгүй байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ