М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэнийг АН-ын даргаар ёсчлох вэ

img

 

АН-ын даргын сонгууль явагдаж өндөрлөсөн ч асуулт, эргэлзээ үргэлжилсээр байна. Зөвшилцөлд хүрээгүй АН-ын одоогийн удирдлагаад хоёр талд намын даргын сонгуулийг явуулсан. Одоогийн АН-ын дарга С.Эрдэнийн талаас УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр нар өрсөлдөж цахимаар санал хураалт явуулсан. Харин  АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар өрсөлдөж, санал хураалтыг цаасан хэлбэрээр авсан байдаг.

 

Үргэлжлүүлээд АН-ын сонгуулийн үр дүнг зарлахад С.Эрдэнийн НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар тус тус олонхийн санал авч хоёр талд ялалт байгуулаад байна.  Энэ сонгуулийн үр дүнг аль аль тал нь хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлаж, их хурлаараа намын даргаа албан ёсоор батламжилна гэж байгаа. АН их хурлаа сарын дараагаар буюу тавдугаар сарын 2-нд хийхээр товлоод байгаа.  Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын хууль ёсны даргаар М.Тулгат сонгогдсон. Үндсэн дүрмийн дагуу шинээр сонгогдсон намын даргыг Их хурлаар ёсчлон батлах ёстой. Улсын дээд шүүхээс  гаргасан тогтоол, Ардчилсан намын даргатай холбоотой бүртгэл, эрх зүйн асуудал хуулийн дагуу хүчин төгөлдөр хэвээр байгаа. Харин Ц.Тувааны намынхан гэж нэрлэгдээд байгаа тэдэнд АН-ыг төлөөлөх ямар ч тогтоол, шийдвэр байхгүй. Эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Хуулиараа АН-ыг ямар нэг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хуулиар олгогдсон цорын ганц эрхтэй хүн бол С.Эрдэнэ миний бие. Улсын дээд шүүх нь Улсын бүртгэлд бүртгэлтэй, хууль ёсны намаас нэр дэвшсэн М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэх үүрэгтэй" гэсэн бол нөгөө талд  АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "АН-ын даргын сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гишүүдээсээ 54 хувийн буюу хамгийн олонх саналыг авлаа. АН-ын  Дотоод сонгуулийн хороо нь түүний нэрийг намын Их хуралд оруулж,  АН-ын даргаар батламжлуулна. Их хурлаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжилсны дараа Улсын дээд шүүхэд хандан, бүртгүүлнэ.  Улсын дээд шүүхэд бүртгэлтэй Ардчилсан намын үндсэн дүрмээр сонгуулийг зохион байгуулсан учраас саналын дүн нь хүчин төгөлдөр юм. Нийтдээ 74908 хүн цаасаар саналаа өглөө, үүнээс илүү баталгаа гэж байхгүй. Нөгөө талын сонгууль бол дүрмийн бус. Цаашдаа түүний нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд ямар нэг дүрмийн зөрчилгүй гэж үзэж байгаа учраас О.Цогтгэрэл бол Улсын дээд шүүхэд бүргэгдээд намаа удирдах зүй ёсны дарга юм" гэсэн тайлбарыг тус тус хийсэн.

 

Эндээс АН-ын албан ёсны тамга хэнд байна, тухайн талын хүн намын албан ёсны даргаар батламжуулна. УИХ-ын сонгуулийн дараагаар АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээж, намын даргаасаа түдгэлзэн, УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаагаа мэдэгдэн, тамгаа хүлээлгэж өгсөн байдаг. Харин эдүгээ УДШ дээр АН-ыг төлөөх бүртгэлтэй хүн нь С.Эрдэнэ дарга хэдий ч тамга нь үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд шилжсэн талтай. Тиймээс АН дахь хоёр тал аль аль нь УДШ дээр маргаан байхгүй гэсэн тайлбарыг дайж байна гэж ажиглагчид үзэж байна. Гэсэн хэдий ч АН-ын Их хурлаар хэнийг АН-ын даргаар томилж, УДШ-д албан ёсны бүртгэлтэй болгохыг намын удирдлагуудын зөвшилцлөөр шийдэхээс гарц үлдээд байна.  Намын одоогийн удирдлагууд зөвшилцөөнд үл хүрч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрх нь хасагдах нөхцөл бүрдээд байгаа юм. Намын дотоод хагарал, намын даргаа сонгуулийн хуваагдал, зөвшилцөлд хүрч чадаагүй асуудлаа эрх баригч хүчинд тохох гэсэн хандлагыг гишүүн Б.Пүрэвдорж гаргаж байсан. Хуулийн дагуу албан ёсны намтай, даргатай,  их хурлаараа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулснаар сонгуульд оролцох эрх нь үүснэ. Өнөөдрийн энэ өнгөөр хоёр талд маргалдаж, хоёр нэр дэвшигч тодруулж, цаашлаад хоёр даргаасаа сонголт хийж чадахгүй бол эрх баригчид бус УДШ, сонгуулийн төв байгууллага ч хуулиа барьж ажиллах нь тодорхой.

 

Тиймээс М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэн нь албан ёсны даргыг  дотоод зөвшилцлөөрөө сонгох  уу, талцлаа үргэлжлүүлэх үү гэдэг АН-ын шийдэх асуудал юм.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Мэдээж Тулгат. Юугийн асуугаад байгаа юм.
2021-04-03
Сонгуулийн дараа шийдэгдээсэй:
Ийм байдлаар үргэлжилсээр сонгуульд оролцвол бүр хэцүүднэ, АН сонгуульд оролцох боломжгүй бол Туваантан буруутна.
2021-04-01
Зочин.:
Энэ хоёр хүнээ их хурлаараа оруулаад аль нэгийг нь сонгох хэрэгтэй.Эс тэгвэл хоёр нам болж хагарах вий.Эв нэгдэл чухал.Ямар ч үед хууччуул нь л намдаа гай болж байна.АН-ыг эрх мэдэлд дуртай хүмүүс кармандаа байлгахыг хүсэж байна.Цагтаа цалгиж , цаст уулын цагаан арсланг айлгаж л явсан нам даа.
2021-04-01
ЗОЧИН:
ЭНЭ ЯНЗААРАА МАРГАЛДААД БАЙВАЛ ХЭНИЙГ НЬ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ УЧРААС ЗӨВШИЛЦӨХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ??? ШҮҮХ ДЭЭР АЛЬ МӨНГӨТЭЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ШААНА ДАА АЯГҮЙ БОЛ??? ҮНЭН ЮМ ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ???МАН-Ы ӨМНӨӨС ЗОГСОХ ГАНЦ ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧНИЙГ МАН ИНГЭЖ ХУТГАЖ БАЙНА. БУЦААД СОЦ-ЗМЫН ҮЕИЙН ГАНЦ НАМЫН ДАРАНГУЙЛАЛДАА ЭРГЭЭД ШИЛЖЛЭЭ? ЯАНА ДАА? ОДООГИЙН ЭНЭ ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ-ЫН БАЙДЛЫГ ХАРАХАД ЯМАР ҮХЭЭНЦ, СУЛ ДОРОЙ ЮМ БЭ? ИРГЭДЭЭ ЭЛГЭЭР НЬ МӨЛХҮҮЛЖ ТУЙЛДУУЛЖ АЛЛАА???
2021-04-01
С.Эрдэнэ МАН-д маш том тус хүргэл ээ хамаг хэргийг чинь хааж хариулая
2021-04-01
Иргэн:
Ардчилсан нам энэ янзаараа хагаралдаад Ерөнхийлөгчийн сонгуультай туллаа. МАН д маш их тус хүргэж байна
2021-04-01