ШУУД: Монгол Улс 400 тэрбум ам.долларын баялгийг буцааж авах боломж бүрдсэн

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал хэлэв.
"Оюутолгой"-н асуудлыг хэлэлцэх үед С.Ганбаатар, Сү.Батболд нарыг хуралдаанд оролцуулмаар байна
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-С.Ганбаатар, Сү.Батболд гишүүнтэй холбоотой асуудлыг яах вэ? Ажлаа хийдэг хүмүүс нь урвагч, ажлаа хийдэггүй хүмүүс нь эх оронч болдог. Сү.Батболд нь хэвлэлд ярилцлага өгдөггүй. Асуудлыг нэг болгох хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Сү.Батболд нарыг чуулганы хуралдаанд оролцуулмаар байна. Асуух зүйл байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт хаалттай хуралдах горимын санал гаргаад татаж авлаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар цахимаар хуралдаанд оролцож байгаа гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Ингээд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-2020 онд татварын зөрчил гэж 650 тэрбум төгрөг тавьсан. Монгол Улсыг Лондонгийн шүүхэд өгсөн 350 тэрбум төгрөгөөс ганц ч төгрөг төлөөгүй гэж С.Ганбаатар гишүүн биднийг Сангийн яаманд очиход хэлж байсан. "Дубай"-н гэрээний цаана өөр гэрээ байна уу?
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Өнөөдрийн байдлаар "Оюутолгой"-гоос Монгол Улсын төсөвт орж ирсэн мөнгө нэг их наяд 26 тэрбум төгрөг. Дубайн гэрээг байгуулахыг 2012 оны УИХ Засгийн газарт зөвшөөрсөн юм билээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашигт нийцүүлье, зөвлөх үйлчилгээ ав, нэрлэсэн үнээр үр ашгийг 53 хувиас бууруулахгүй байх ёстой.
Түр хорооны ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Оюутолгойн асуудлаар арбитрийн татварын маргаанаа ч , гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Түр хорооны гишүүд үүн дээр санал нэгдсэн.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Миний хувийн туршлагаар энэ төсөл явахааргүй байна. Засгийн газар, УИХ эсрэг тэсрэг байр суурьтай байна. С.Ганбаатар гишүүн онлайнаар хуралдаандаа оролцож байгаа бол асуултад хариулмаар байна. С.Ганбаатар гишүүн болохоор "Сү.Батболд гишүүн "Оюутолгой"-гоос хулгай хийсэн шүү" гээд байгаа. Гэтэл нөгөө талд Сү.Батболд гишүүн ямар нэг тайлбар өгөхгүй байгаа. Х.Нямбаатар хуулийн хүн болохоор хуулиараа яриад байна. Хэрвээ энэ асуудал энэ хэвээр үргэлжилвэл дараагийн Ч.Сайханбилэг болно шүү. Танай улстөр ийм шүү дээ.
Нууцлалын гэрээгээ зураад, монголчууд нэг талдаа гаръя гэхээр болохгүй байна. Найман УИХ-ын гишүүн хяналт тавьж, 21 УИХ-ын гишүүн ажлын хэсэг болж байна. Өнөөдөр Оюутолгойн асуудлаар Х.Нямбаатар дарга уу, Ц.Даваасүрэн дарга уу мэдэгдэхгүй байна. МАН-ынхан та нар ажлаа хий л дээ.
"Оюутолгой"-н асуудлаар бид өөрсдөө нэгдсэн байр суурьт хүрэх хэрэгтэй
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:
-Засгийн газрын ажлын хэсэг бол УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө Засгийн газрын ажлын хэсэгт хяналт тавина. Гэтэл хяналт тавих ёстой субъект нь ажлын хэсэгт орж байна. Тийм учаас хяналт тавих УИХ-ын ажлын хэсгийг ахалж байгаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Би ханиад хүрээд, цахимаар хуралдаанд оролцож байна. Анх удаа чуулганд цахимаар оролцож байна. Нэгдүгээрт, Лондон зэрэг таван шүүх дээр Монгол Улс 400 тэрбум ам.долларынхаа баялгийг буцааж авах алтан боломж бүрдсэн. 14 мянган хуудас материал интернэтэд байгаа. Үүнийг та бүхэнд явуулсан. Гишүүд минь, үүнээс илүү чухал зүйл гэж юу байх вэ. Ядаж миний боловсруулаад тавьсан зүйлийг уншаад үзээрэй. Дубайн луйврын гэрээг Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ гээд олон гишүүний хүч хөдөлмөрөөр эсэргүүцэж байсан. Дубайн гэрээг цуцалсан ч хохирлыг барагдуулаагүй хууртагдаад "Оюутолгой"-гоо буцаан авах алтан боломжоо битгий алдаарай. Сөрөг нэхэмжлэх гаргах хэрэгтэй. Энэ нь Монголын талд ашигтай. Энэ бол Сү.Батболд С.Ганбаатар хоёрын асуудал биш. Би хувь хүний хувьд тэр хүнд муу юм бодохгүй.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-С.Ганбаатар гишүүн байр сууриа тодорхой боллоо. С.Ганбаатар гишүүний асуудал дээр УИХ байр сууриа хэлээд өгөөч. Нэг бол бид алтан боломжоо ашиглаад, хөрөнгө оруулагчтайгаа эвлэрэхгүй, гаргах, эсвэл хэлэлцээрээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Бидэнд хоёрхон л гарц байгаа. Зэрэгцүүлж явна гэсэн ойлголт байхгүй.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүжин:
-Бид "Оюутолгой"-н асуудлаар өөрсдөө нэгдсэн ойлголцолд хүрэх хэрэгтэй. Гэрээ хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж харж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ