Владимир Путин, Х.Баттулга нар утсаар ярьжээ

Монголын талын санаачилгаар хоёр орны төрийн тэргүүн утсаар ярьсан талаар Кремлийн албан ёсны цахим хуудас мэдээлжээ.
Дөрөвдүгээр сарын хоёрны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай утсаар ярих үеэр Монгол руу вакцин нийлүүлэхэд онцгой анхаарал хандуулна гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин амласан талаар мэдээлэлд өгүүлсэн байна.
Түүнчлэн "Спутник V" вакциныг хамтран үйлдвэрлэх асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Оросын төрийн тэргүүн дэмжсэн гэж "Красная весна" сонин мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Х.Баттулга вакцины хүсэлтийг дэмжсэнд Путинд талархал илэрхийлээд "Спутник V" вакцины нийлүүлэлтийг түргэвчлэхэд анхаарал хандуулахыг хүссэн байна.
Утсаар ярих үеэр хоёр орны төрийн тэргүүн 2021 онд тэмдэглэх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ойн арга хэмжээг хамтран хэрэгжүүлсэнд харилцан талархал илэрхийлжээ. Мөн ойрын үед энэ ойн талаарх хамтарсан мэдэгдэл хийхээр Путин, Баттулга нар тохиролцсон байна.
"Оросын Ерөнхийлөгч ойрын үед Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах боломж гарч ирнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн" хэмээн Красная весна мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ