Оросын шүүх Твиттерийг 8.9 сая рублиэр торгожээ

Дөрөвдүгээр сарын хоёрны өдөр Москва хотын Таганскийн дүүргийн шүүх Твиттер олон нийтийн сүлжээг хууль бус эсэргүүцэлд өсвөр насныхныг уриалсан контентыг устгаагүй хэмээн буруутгаж, 8.9 сая рублиэр (shuud.mn: монгол мөнгөөр 306 596 000)торгох шийдвэр гаргасан талаар DW агентлаг мэдээлжээ.
Шүүхийн тогтоолд, торгуулийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногийн дотор төлөх ёстой бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой гэж тусгасан байна.
Твиттерт 3.2 сая рубль, 3.3 сая рубль, 2.4 сая рублийн гурван торгуулийг захиргааны гурван протоколын дагуу оноосон байна. Коронавирусийн цар тахалтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээний улмаас шүүх хуралд гагцхүү хурлын оролцогчид байлцжээ. Түүнчлэн энэ өдөр Фейсбүүк компанитай холбоотой хэргийг шийдвэрлэх байсны дээр Google компанитай холбоотой хэргийг тавдугаар сарын дөрөвний өдөр хэлэлцэхээр хойшлуулсан байна.
Телеграм, Фейсбүүк, Твиттер, Гүүгл компаниудын эсрэг хууль бус эсэргүүцэлд өсвөр насныхныг оролцохыг уриалсан контентийг устгаагүй хэмээн буруутгаж хэрэг үүсгэсэн юм. Эдгээр зөрчлүүдийг нэгдүгээр сарын 22-24-ний хооронд гаргасан гэж шүүхийн хэвлэлийн албанаас мэдээлснийг News.ru мэдээлжээ.
Нэгдүгээр сарын 23 болон 31-ний өдрүүдэд Орост сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг дэмжсэн мөн "Путинд зориулсан ордон. Хамгийн том авлигын түүх" нэртэй баримтат кино гарсантай холбоотой эсэргүүцлийн арга хэмжээнүүд өрнөсөн юм. Хоёрдугаар сарын хоёрны өдөр шүүхээс улс төрч Навальныйд тэнсэн харгалзах ялын хугацааны журмыг зөрчсөн хэргээр хоёр жилийн хорих ял оноосон. Шүүхийн шийдвэр гарсан энэ өдөр Орост томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаалууд болж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ