Аргентины Ерөнхийлөгч вакцин тариулсан ч халдвар авчээ

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан талаар Комсомольская правда мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, улс төрч дөрөвдүгээр сарын хоёронд төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд энэ үеэр толгой нь өвдөж, бага зэрэг халуурахад эмч нь түүнийг коронавирусийн шинжилгээ өгөхийг зөвлөсөн гэнэ.
Ингээд түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна. Гэтэл тэрбээр вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байжээ. Тодруулбал, энэ оны эхээр Фернандес "Спутник V" вакцины хоёр тунг хийлгэсэн, өөрөөр хэлбэл вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.
Гэхдээ энэ мэдээлэлд гайхах, цочирдох шаардлагагүй юм. Учир нь коронавирусээс сэргийлэх вакцин томуу болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх тарилгын адилаар халдвараас 100 хувь хамгаалдаггүй гэж "Спутник V" вакцин боловсруулсан багийн ахлагч, академич Александр Гинцбург сэтгүүлчдэд тайлбарлаж байв.
"Бидний өмнө нь хэлж байсанчлан, урьдилсан сэргийлэх тарилга хамрагдсан хүмүүсийн 8 хувь нь эрсдэлийн бүсэд байдаг. Гэхдээ вакцин тариулсан л бол халдвар хүндрэхгүй" хэмээн Н.Ф.Гамалеягийн нэрэмжит хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдэгдэж байлаа.
Аргентины Ерөнхийлөгчид илэрсэн шинж тэмдгүүд нь томуу төст синдром бөгөөд вакцин тариулсан хүмүүст илрэх бүрэн боломжтой гэж академич тайлбарлажээ. Мөн "Спутник V" вакцин нь коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчнийг хүндрүүлдэггүй өндөр үр дүнтэй нь батлагдсан тул Аргентины Ерөнхийлөгчийн биеийн байдал хүндрэхгүй гэдэгт найдаж байгаагаа Александр Гинцбург илэрхийлсэн байна.
Үнэхээр ч Альберто Фернандесийн биеийн байдал хэвийн, хүндэрсэн зйүл байхгүй гэнэ.
"Цусны шинжилгээ болон хүчилтөрөгчийн хангамжийн түвшинг шалгахад сайн дүнтэй гарсан" хэмээн Аргентины Ерөнхийлөгч мэдэгджээ. Гэхдээ тэрбээр бусдад халдвар тараахгүй тулд тусгаарлагдсан байна. "Би зохих ёсоор вакцинд хамрагдаагүй байсан бол өдийд миний бие муудах байлаа" хэмээн 62 настай улс төрч мэдэгдээд, бүх хүмүүсийг вакцинд хамрагдахыг уриалжээ.
Тухайн хүн вакцинжуулалтад хамрагдаж, түүний биед эсрэг биет үүсэх гэдэг нь коронавирусийн халдвар авахгүй гэсэн 100 хувийн баталгаа биш гэж эрдэмтэд сануулсаар байгаа юм. Вакцины гол зорилт нь өвчний хүндрэл, нас баралтаас сэргийлэх явдал гэж эрдэмтэд онцолдог.
"Вакцин тариулсан хүн халдвартай хүнтэй ойрын хавьталд орвол тодорхой тооны вирус амьсгалын дээд замын салст бүрхэвч рүү орно. Ингэснээр богино хугацааны түр зуурын халдвар үүснэ" гэж Оросын Эрүүл мэндийн яамны халдвартын ерөнхий эмч Владимир Чуланов өгүүлжээ.
Энэ тохиолдолд вакцин тариулсан хүн богино хугацаанд халдвар тараагч байж болох гэнэ.
"Өөрөөр хэлбэл, вакцин тариулсан хүн хүнд өвдөхгүй, учир нь вирус цус руу орох үед эсрэг биет түүнийг саармагжуулна. Гэвч богино хугацаанд хамар болон залгиурын салст бүрхэвчнээс вирусийн хэсгүүд гадагш ялгарч болох юм" хэмээн Чуланов өгүүлжээ.
Тиймээс, хүн амын ихэнх нь вакцинжуулалтад хамрагдах хүртэл хамгаалалтын арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэхийг олон улсын эрдэмтэн мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон хүнтй газар амны хаалт зүүх, зай барих, гар ариутгагч хэрэглэх шаардлагатай. Тухайн хүн вакцин тариулаад өөрөө халдвар авахгүй эсвэл халдвар авсан ч хөнгөн хэлбэрээр өвдөх бол халдвар авсан үедээ бусад ойр тойрныхонд халдаах магадлалтай гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ