Вакцинаас татгалзвал эдийн засагт асар их хохирол учруулна

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтаас хүмүүс татгалзвал цаашид энэ вирус улам тархаж, мутацид орж, ингэснээр үндэсний эрүүл мэндийн системд эдийн засгийн асар их дарамт учруулна гэж ОХУ-ын "Инвитро" эмнэлгийн сүлжээг үүсгэн байгуулагч, сэхээн амьдруулахын эмч Александр Островский "Комсомольская правда" сонинд өгүүлжээ.
Тэрбээр оросуудын талаас илүү хувь нь коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагагүй гэсэн олон төрлийн санал асуулгыг онцолсон байна. Түүний өгүүлснээр ийм итгэл үнэмшил нь эмгэнэлтэй үр дүнд хүргэх гэнэ.
"Хүмүүс байнга өвдөж, вирус нэг хүнээс нөгөөд халдаж, мутацид орж, өөрчлөгдөж, өөр хэлбэртэй болно. Энэ бүхэн нь эдийн засгийн асар хүнд үр дагаврыг дагуулах юм" хэмээн Александр Островский өгүүлжээ.
Коронавирусээс сэргийлэх вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа ч хүмүүс өөрсдийн шийдвэрийн үр дагаврыг ойлгох ёстой гэж Островский мэдэгдсэн байна. Коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад олон нийтийг өргөнөөр хамруулахын чухлыг эмч онцлоод вакцин тариулсан тохиолдолд халдвар авсан ч хүндээр өвдөхгүй гэдгийг хүмүүс ухамсарлах ёстой хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ