Хүчингийн хэргээр буруутгагдсан Вайнштейн давж заалджээ

Холливудын продюсер Харви Вайнштейны өмгөөлөгчид Нью-Йорк мужийн Дээд шүүхийн шийдвэрийг давж заалдсан талаар CNBC суваг мэдээлжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард 67 настай Вайнштейн хүчирхийлэл болон бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 23 жилийн хорих ял авсан юм.
"Шүүх ажиллагааны үеэр гаргасан ноцтой хэд хэдэн алдааг гэрчлэх 166 хуудас баримтыг бид шүүхэд өгсөн" хэмээн Вайнштейны өмгөөлөгчдийн нэг Барри Каминс мэдэгджээ. Тэрбээр үйлчлүүлэгчид нь оноосон ялыг "хатуу, хэтэрхий их" хэмээсэн байна. Мөн Вайнштейн шударга шүүхээр орох эрхтэй гэж өмгөөлөгчид мэдэгджээ.
Ийнхүү давж заалдсан гомдлын талаар продюсерын эсрэг нэхэмжлэл гаргасна долоон эмэгтэйг төлөөлж буй өмгөөлөгч Дуглас Вигдор мэдэгдэл хийжээ.
"Харви Вайнштейн давж заалдаж байгаа нь шударга шүүх, шүүгчдийн баримттай, тунгаан гаргасан шийдвэрийг үл хайхрах гэсэн арга ядсан оролдлого. Давж заалдсан ч түүний ял хэвээр үлдэнэ гэдэгт бид итгэлтэй байна" хэмээн өмгөөлөгч Дуглас Вигдор мэдэгджээ.
Энд дуулгахад, Вайнштейныг олон нийтийн өмнө буруутгах явдал 2017 онд эхэлсэн. Тодруулбал, 2017 оны 10 дугаар сард олон нийтийн сүлжээгээр #MeToo хэштег давалгаалж, бэлгийн хүчирхийлэл, дарамтын хэргийг ил гаргаж байлаа. Энэ нь анхлан Холливудын нэрт найруулагч Харви Вайнштейн жүжигчдийг бэлгийн дарамтанд оруулж байсан хэрэг ил гарснаас үүдэлтэй бөгөөд жүжигчин Алисса Милано энэ хэштегийг ашиглан өөрт тохиолдсон гашуун туршлагаа бусадтай хуваалцан, энэ төрлийн гэмт хэргийг ил гарган, тэмцэхийг уриалснаар дэлхий даяар түгсэн юм.
Ийнхүү MeToo хөдөлгөөн үүсэх шалтгаан болсон Вайнштейнийг шүүх ажиллагаа 2020 оны нэгдүгээр сард эхлэн, таван нэхэмжлэлээс хоёроор нь түүнийг буруутай гэж үзсэн юм. 2021 оны нэгдүгээр сард шүүх түүнийг хохирогчдод 17.1 сая доллар төлж, 23 жилийн хорих ял оноож байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ