БНХАУ вакцинжуулалтаа идэвхжүүлж, иргэдэд урамшуулал амлаж байна

img


Хятад улс коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтаа идэвхжүүлж, АНУ-ыг гүйцэж түрүүлэх зорилт тавьжээ. Намын гишүүд, төрийн байгууллагуудын ажилтнуудыг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж, татгалзахад тун хэцүү байдалд оруулж байгаа талаар Forbes мэдээлсэн байна. Харин энгийн иргэдэд худалдан авалын тасалбар эсвэл сагс өндөгөөр урамшуулах санал тавьж байгаа аж.

 

Блүмберг агентлагийн мэдээлснээр, намын ажилтнууд болон гишүүдийг дуудан хуралдаж, үлгэр жишээ үзүүлэхийн тулд аль болох хурдан хугацаанд вакцинжуулалтад хамрагдахыг санал болгож байгаа гэнэ. Эмнэлгийн заалтаар вакцин хийлгэх боломжгүй тохиолдолд л вакцинжуулалтад хамрагдахгүй байж болохыг сануулж байгаа аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ долдугаар сарын сүүл гэхэд 560 сая хүн буюу хүн амынхаа 40 хувийг вакцинжуулалтад хамруулах зорилго тавьжээ. Ингэснээр гурван сарын дотор 460 сая тун тарих шаардлагатай болох бөгөөд энэ нь АНУ-ын зорилтоос хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Өнөөдөр Хятадад өдөрт дунджаар таван сая тун тарьж байгаа юм байна. 

 

Вакцинжуулалт саатвал коронавирустэй тэмцэхэд гаргасан Хятадын амжилтууд талаар болно. Өндөр хөгжилтэй орнууд вакцинжуулалтаараа өрсөн, хилээ нээгээд эхэлж байхад Хятад улс гаднаас вирус нэвтрэхээс сэргийлэх гэж удвал Хятадын цар тахалтай тэмцсэн давуу талууд нь үгүй болно гэж Нью-Жерсигийн Сетон Холл их сургуулийн эрүүл мэндийн олон улсын судалгааны төвийн захирал Яньжун Хуан Блүмберг агентлагт ярьсан байна.

 

Гэтэл бодит байдал дээр цар тахалтай холбоотой хязгаарлалт харьцангуй чанга биш байгаа тул Хятадын иргэд вакцинжуулалтад хамрагдах гэж төдийлөн яарахгүй байгаа гэнэ.

 

Намын гишүүд болон төрийн байгууллагуудын ажилтнуудад дарамт үзүүлэхийн зэрэгцээ Хятадад суртал ухуулга өргөнөөр ашиглаж байгаа талаар Forbes мэдээлжээ. Телевизийн сувгуудаар вакцинжуулалт бол  дэлхий дахинд Хятадын байр суурийг хадгалах, үндэсний бахархлыг дэмжих "үүрэг хариуцлага" хэмээн ухуулж байгаа бол вакцинд хамрагдсан хүмүүст урамшуулал олгох тухай зурагт хуудсууд гудамжинд байрлах болсон байна. Тухайлбал худалдан авалтын тасалбар өгөх, сагс өндөгөөр урамшуулах зэрэг санал тавьж байгаа аж. 

 

Блүмберг агентлагийн мэдээлснээр, Хятад улс вакцин тариулаагүй хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх эсвэл нийтийн тээврээр зорчихыг хориглох зэрэг илүү албадсан арга хэмжээ авч хэрэгжүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ