Солсберид сонгодог хөгжмийн аян дор вакцинжуулалтыг хийж байна
Британийн алдарт Солсбери сүм нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн вакцинжуулалтын цэг болсон юм. Энэ цэг "агуу архитектур"-аас гадна амьд орган хөгжмийг үйлчлүүлэгчид сонсох боломжтой гэж L’Express мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа өглөөний 8 цагаас 20 цаг хүртэл коронавирусээс сэргийлэх вакцин хийлгэхээр ирсэн хүмүүсийг энэ сүм хүлээн авдаг байна. Энд 25 мянга гаруй хүн дархлаажуулалтад хамрагджээ.
Эртний готик сүмд вакцин хадгалах хөргүүрийн төхөөрөмжүүдийг байршуулсан бөгөөд хүмүүс хооронд хаалт тавихын оронд сандал байрлуулсан байна. Ихэвчлэн өндөр настнууд энэ сүмийг зорин вакцин тариулж байгаагийн дээр тэд сүмд байх үедээ амьд хөгжим сонсох боломжтой гэнэ.
"Хүмүүс хөгжим сонсох маш дуртай байдаг. Вакцин тариулсны дараа 15 минутын хугацаанд хяналтад байх ёстой. Энэ хугацаа дууссаны дараа хүмүүсийг гаргахад тун хүнд. Тэд амьд хөгжим сонсон суухыг хүсдэг" хэмээн сувилагч ярьжээ.
Сүмийн хөгжмийн захирал Дэвид Холлс болон түүний туслах Жон Челленжер нарын өгүүлснээр тайван уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд "амар амгаланг мэдрүүлэх" аялгуу, түүнчлэн ард түмэн сайн мэдэх хөгжмүүдийг сонгодог гэнэ. Энд Бах, Моцарт, Брамс, Сен-Сан нарын бүтээлүүд, түүнчлэн 1940-өөд оны жааз хөгжмийг сонсох боломжтой аж.
Энэ санаачилга ихээхэн алдаршсан бөгөөд сүмийн хөгжимчид "Солсберигийн бясалгал" нэртэй цомог бичүүлсэн байна. Цомгийн борлуулалтаас олох орлогийг Их Британийн Эрүүл мэндийн үндэсний системд хандивлахаар болсон хэмээн L’Express мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ