ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Зэвсэгт хүчинд үүсч байгаа асуудлыг бид дангаар шийдэж чадахгүй
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэргийн асуудлаар хуралдаж байна. Хуралдаанд УИХ-ын гишүүд, ЗХЖШ-ын удирдлага, Хүний эрхийн комиссын төлөөлөл оролцож байна.
Цэргүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсон асуудлаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгч байна. Тэрбээр “Зэвсэгт хүчний салбарт ёсзүгүй харилцааны асуудал гарч байгаа. Сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад 2018, 2019 онд цэргийн албанд ёсзүйгүй харьцсан асуудал хамгийн их гарсан. Харин 2020 онд энэ байдал 50 хувиар буурсан нь бидний арга хэмжээ үр дүнд хүрч байгаагийн илрэл.
Гэвч бид Зэвсэгт хүчинд байгаа асуудлыг дангаараа шийдэх боломжгүй. Зэвсэгт хүчнийхэн, ангийн захирагч хичнээн сайн ажилласан ч асуудлыг дангаар шийдэж чадахгүй. Төрийн цэргийн байгууллага төсөв мөнгө хязгаарлагдмал байна. 2020 оноос бүтэц зохион байгуулалтаа өөрчилж, 2021 онд хэрэгжүүлэх байсан ч хяналтандаа авч чадаагүй нь бидний алдаа боллоо” гэсэн мэдээллийг өглөө.
Хүний эрхийн үндэсний комисст 2020 онд цэргийн албатай холбоотой гомдол ирээгүй байна. Учир нь Зэвсэгт хүчин энэ асуудлыг дотооддоо шийддэг зохицуулалттай учраас гомдол ирээгүй аж. Зэвсэгт хүчний хэмжээнд 2013-2020 онд 225 гэмт хэрэг гарсан. Үүний 98 нь хүч хэрэглэсэн, заналхийлсэн, дүрмийн бус харьцсан гэмт хэрэг байгааг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд хэллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ