Их Британид АстраЗенека вакциныг хүүхдүүд дээр туршихыг зогсоолоо

АстраЗенека вакцин тариулсан насанд хүрэгчдэд цусны бөөгнөрөл үүссэн нь вакцинаас шалтгаалсан эсэхийг шалгаж байгаатай холбоотойгоор Их Британид АстраЗенека вакциныг хүүхдүүд дээр туршихыг түр зогсоохоор шийдсэн байна. Энэ талаар Sky News мэдээлжээ.
"Хүүхдийн эмнэлзүйн туршилтуудад аюулгүй байдалтай холбоотой ямар ч асуудал гараагүй ч бид цаашид туршилт явуулахаас өмнө насанд хүрэгчдийн дунд бүртгэгдсэн цусны бөөгнөрөлийн ховор тохиолдлуудын талаарх Эм бэлдмэлийн зохицуулалтын агентлагийн нэмэлт мэдээллийг хүлээж байна" АстраЗенека компани мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд АстраЗенека вакцин тариулсны дараа цусны бөөгнөрөл үүссэн гэх 30 тохиолдлын талаарх мээдэллийг Их Британийн Эм бэлдмэл, эмнэлгийн бүтээгдэхүүний хяналтын удирдах газар шалгасан байна. Их Британид нийтдээ 18 сая тун АстраЗенека вакциныг тарьжээ.
Европын эм бэлдмэлийн агентлаг тарилга болон цусны бөөгнөрөл үүссэн тохиолдлын хооронд "шалтгаант холбоо" байхгүй гэж хэлэхэд улам бүр хүнд болж байгаа хэмээн мэдэгдэж байлаа. Европт энэ долоо хоногт АстраЗенека вакциныг тойрсон асуудалтай холбоотой сүүлийн үеийн дүгнэлт мэдээллийг танилцуулахаар төлөвлөжээ.
Харин Британийн шинжээчид иргэдийг коронавирусээс сэргийлэх вакцинаас үүдэлтэй байж болзошгүй гаж нөлөөтэй холбоотойгоор болгоомжлох, түгшихгүй байхыг уриалсан байна. Цусны бөөгнөрөл үүссэн шалтгаан нь одоо хэр тодорхойгүй байгаа гэж мэргэжилтнүүд онцолжээ.
"Нэгдүгээрт, цусны бөөгнөрөл гарсан тохиолдол тун цөөн. Хоёрдугаарт, Их Британид бэлэн , ашиглагдаж байгаа вакцинууд коронавирусээс тун үр дүнтэй хамгаална" хэмээн Бристолийн их сургуулийн профессор Адам Финн мэдэгджээ.
АстраЗенека вакцинтай холбоотой асуудал үүссэн нь нийлүүлэлтэд хүндрэл учруулж, улмаар Их Британийн вакцинжуулалтын хурдыг сааруулж болзошгүй гэж Британийн Засгийн газар болгоомжилж байгаа гэнэ. Гэсэн ч ирэх долдугаар сарын сүүл гэхэд насанд хүрсэн хүн амаа бүгдийг нь вакцинжуулах зорилтоо биелүүлнэ гэж найдаж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ