БНХАУ-д COVID-19-тэй тэмцэж чадаагүй намын зүтгэлтнийг тушаал бууруулжээ

img

Хятадын Жуйли хотын намын нарийн бичгийн даргыг коронавирусийн халдвартай тэмцэхэд амжилтгүй ажилласан гэж албан тушаалаас нь буулгажээ. Энэ талаар Юньнань мужийн сахилга бат шалгалтын комиссын хяналтын хороо мэдээлснийг Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Хяналтын байгууллагын үзсэнээр, коронавирусийн цар тахлын үеэр Мьянмар улстай хил залгаа орших Жуйли хотын намын нарийн бичгийн дарга Гун Юньжюнь албан үүргээ гүйцэтгэж чадаагүй гэнэ. Энэ хотод сүүлийн хагас жилийн хугацаанд коронавирусийн халдварын дэгдэлт гурвантаа бүртгэгдсэн нь ийнхүү намын нарийн бичгийн дарга албан тушаалаасаа буух шалтгаан болсон байна. Хамгийн сүүлд Жуйли хотод гуравдугаар сарын 29-ний өдөр томоохон голомт илэрч, олон арван хүн өвчилжээ. Гун комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, нэгдүгээр зэрэглэлийн зөвлөх хүртэл албан тушаал буурсан байна. 

 

Жуйли хотод ийнхүү халдварын дэгдэлт удаа дараа бүртгэгдсэнтэй холбоотойгоор хотыг хөл хорионд оруулж, гуравдугаар сарын 31-ний өдрөөс хүн амыг бүгдийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. Дөрөвдүгээр сарын долооны үдшийн байдлаар 353 960 хүнээс шинжилгээ авчээ.

 

Хотын хүн амын ихэнх хэсэг нь гэрийн тусгаарлалтад байгаа бөгөөд зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан байна. Жуйли хот оршдог Юньнань мужид коронавирусийн халдварын оноштой 68 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ